Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд, яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгож, хувийн өмчийн халдашгүй байдал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамааралтай төрийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдлыг хангах нь хуулийн зорилго юм. Хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах, төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал,

-Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх;

-“Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;

-Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байх;

-Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглагдах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр барих болон ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;

-Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх,

-Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх,

-Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьж байгааг хасах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн