МОСКВА, 2026 оны зургаадугаар сарын 3 /Reuters/. Оросын “Давос” хэмээн нэрлэгддэг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ. Москвагийн “либерал шинэчлэлийн соёлын эсрэг” байр суурь хийгээд “уламжлалт үнэт зүйлсийг” дэмждэг америкчууд зэрэг хутгамал үзэлтнүүд энэхүү чуулга уулзалтад оролцохоор цуглаж байна.
Чуулга уулзалтын албан ёсны хөтөлбөрт дурдсанаар, барууны үзэлтэй, нийгмийн сүлжээний нөлөө бүхий инфлүүсер подкаст хөтлөгч Кэндис Оуэнс уг форумд оролцох бөгөөд “Өнөр өтгөн гэр бүлийн эцэг эх байх үүрэг хариуцлагыг амжилттай карьертай хэрхэн хослуулах вэ” сэдэвт салбар хуралдаанд үг хэлнэ.
Мөн Холливудын тулаант киноны од асан, тулааны урлагийн мастер Стивен Сигал соёлын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчоор бүртгэгджээ. Түүнчлэн АНУ-ын Дүрслэх урлагийн комиссын дарга Родни Мимс Кук чуулга уулзалтад оролцох АНУ-ын албан ёсны төлөөлөгчдийн тэргүүнээр бүртгэгдсэн байна.
Нийгмийн сүлжээний нөлөө бүхий инфлүүсер Эндрю Тэйт чуулга уулзалтын өмнөх өдөр дүүгийн хамт Москвад бууж, Оросын үндэсний хөгжмөөр угтуулж буй бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Гэсэн хэдий ч ах дүүс форумд оролцох эсэхээ одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.