Хятадын алдартай оргилуудын нэг Тай ууланд авирахдаа бусдад мөнгө төлж, хань татдаг үйлчилгээ байдаг. “Ууланд авиралтын найз” гэх энэ ажил хятад залуусын дунд алдартай бөгөөд тэд цүнхийг нь барьж явах, зураг дарж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Энэ ажил нь Хятадад улам дэлгэрч буй “нөхөрлөлийн эдийн засаг”-ийн нэг хэсэг юм. Гүйх, байгалийн үзэмж тольдох, хоол идэх зэрэг янз бүрийн зүйл хийхдээ бусдад мөнгө төлж, хань татахыг “нөхөрлөлийн эдийн засаг” гэнэ. Өөрөөр хэлбэл, найз нөхдийн хооронд байдаг энгийн зүйл төлбөртэй үйлчилгээ болж хувирсан гэсэн үг. Ийм төрлийн үйлчилгээг ихэвчлэн оюутнууд үзүүлдэг.
“Нөхөрлөлийн эдийн засаг”-ийг үнэлсэн албан ёсны тоо байхгүй ч Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр, 2025 онд энэ төрлийн эдийн засгийн хэмжээ 50 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь Хятадын хот суурин газрын амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж буйг харуулна. Залуус гэр бүлээсээ хол газар амьдарч, олон цагаар ажилладаг болсон зэрэгтэй энэ нь холбоотой.
Чен Веншин 2022 онд цэргээс халагдсаныхаа дараа “ууланд авиралтын найз”-ын үйлчилгээ үзүүлдэг компани нээжээ. Тэдний компани анх 10 хүрэхгүй ажилтантай байсан бол өдгөө 370 хүрсэн байна. Тай уул руу авирахад Чен Веншиний компаниас хүн хөлсөлбөл өдрийн 800 юань төлнө.
Түүнчлэн 24 настай Тан Жуншин аяллын хамтрагчийн ажил хийж, халаасны мөнгөө олдог. Их сургуулийн профессор нь анх түүнийг долоо хоногийн хугацаатай аялалд явахдаа жолоочоор хөлсөлсөн нь энэ ажлыг хийх эхлэл болжээ. Энэ ажлыг хийгээд тэр сардаа 3000-5000 юань олдог.