Япон Ираныг АНУ-тай хэлэлцээрт хүрэхийг уриалав

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи болон Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар дөчигдөр (2026.06.01) утсаар ярилцжээ. Энэ үеэр Япон улс бүс нутгийн хурцадмал байдлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх байр суурьтай хэвээр байгаа бөгөөд Ираныг АНУ-тай тохиролцоонд хүрэхийг Такаичи уриалсан байна. Мөн тэрбээр Япон болон Азийн бусад орны хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор аюулгүй, саадгүй зорчих боломжтой байх ёстойг онцолжээ.

Ираны төрийн “IRNA” болон “Tasnim News Agency”-гийн мэдээлснээр, Пезешкиан Японы хөлөг онгоцуудыг саадгүй нэвтрүүлэхийн төлөө ажиллана гэж амласан байна. Мөн далайн тээврийн хөдөлгөөнийг хэвийн болгож, Ормузын хоолойн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангана гэжээ. Тэрбээр мөн Японд царцаагдсан Ираны хөрөнгийг ашиглан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж болон шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Үүний зэрэгцээ Иран улс АНУ болон Израильтай холбоотой хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэж, талууд аль болох хурдан тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Харин “The New York Times”-ын мэдээлснээр, АНУ-ын цэргийн хүчин сүүлийн гурван долоо хоногт Ормузын хоолойгоор ойролцоогоор 70 худалдааны хөлөг онгоцыг аюулгүй нэвтрүүлэхэд тусалсан байна. Зарим хөлөг онгоц илрүүлэхээс сэргийлж байршил дамжуулагч төхөөрөмжөө унтраасан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн