ОХУ 11-р сарыг дуустал онгоцны түлшний экспортдоо хориг тавьж байна

ОХУ-ын засгийн газар арваннэгдүгээр сарыг дуустал онгоцны түлшний экспортдоо хориг тавьж буйгаа Даваа гаригт /2026.06.01/ мэдэгдлээ. Тус улсын газрын тосны байгууламжууд Украины цохилтод өртсөөр байгаа тул дотоодын үйлдвэрлэл нь уналтад орсон. Тиймээс дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байгаа аж. Дашрамд дурдахад, ОХУ анх удаа онгоцны түлшний экспортод хориг тавьж байна.

Гэхдээ ОХУ-тай засгийн газар хоорондын идэвхтэй хэлэлцээрийг баримталдаг орнуудад энэ хориг хамаарахгүй.

Агаарын цохилтоос болж зарим газарт хомсдол үүссэн гэж байгаа ч Оросын Тээврийн сайд Андрей Никитин үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Орост тийрэлтэт онгоцны түлш хомсдоогүй, энэхүү хориг нь дотоодын агаарын тээврийн компаниудын ашиг сонирхол дээр үндэслэсэн арга хэмжээ” гэсэн юм.

“Reuters”-т мэдээлснээр, Оросын газрын тос боловсруулах хүчин чадлын ойролцоогоор 25 хувийг эзэлдэг болон бензин үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг хангадаг үйлдвэрүүд Украины халдлагад өртжээ. Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулалтын хэмжээ өдөрт 4.69 сая баррель болж буурсан нь 2009 оноос хойших хамгийн доод түвшин юм.

Одоо Орост хэрэгжиж буй шатахууны экспортын долдугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй хэвээр байна. Хэдийгээр шатахуунаа гадагшаа экспортлохгүй байгаа ч гэлээ дотоодод хомсдол үүсч, Крымд шатахуун түгээх станцууд шатахуунаа хязгаарлагдмал хэмжээгээр олгоод эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн