Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын 21-р уулзалт БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэллээ.
Нийт 42 орны 200 гаруй төлөөлөгч оролцож буй тус уулзалтад манай улсаас ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангаар ахлуулсан албаныхан оролцож байна. Энэхүү уулзалтаар 2025 онд баталсан “Допингийн асуудлыг улс төржилтөөс ангид байлгах, допингийг дэмжсэн аливаа спортын арга хэмжээг дэмжихгүй байх, 2027 оны шинэ дүрэм, стандартыг амжилттай нэвтрүүлэх тухай” Дубайн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2027 оноос хэрэгжүүлэх шинэ дүрэм болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газрын хүлээх үүрэг, оролцоо, үндэсний допингийн эсрэг байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцох аж.
Түүнчлэн спортод допинг хэрэглэхийн эсрэг Засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй ажил, олон улсын болон дотоодын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.
Монгол Улсын хувьд спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандарт болон үндэсний допингийн эсрэг тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажилладаг байна.
