Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг ЦУОШГ-аас хүргэж байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 8-13, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25, бусаднутгаар 14-19 хэм дулаан байх аж.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 11-13 хэм дулаан байх төлөв гарчээ.