Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өнгөрсөн долоо хоногт /2026.05.26-29/ Японд дөрвөн өдрийн хугацаатай айлчиллаа. Тэрбээр Японы ерөнхий сайд Санаэ Такаичитэй хэлэлцээ хийснийхээ дараа хоёр улсын харилцааг цагаан алтан эрин үе рүүгээ орсныг онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү нийтлэлд Фердинанд Маркос Жуниорын айлчлалын онцлох сэдвүүд болон хоёр улсын харилцаа яагаад улам ойртсон талаар авч үзэх болно.
ЭЗЭН ХААНЫ УГТАЛТ
Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор болон тэргүүн хатагтай Лиза нарыг Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар Токио дахь ордондоо хүндэтгэлийн хүлээн авалтаар угтан авчээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Японы угсаа залгамжлах ханхүү Акишино, түүний гэргий Кико гүнж болон ерөнхий сайд Санаэ Такаичи нар оролцсон.
Япон, Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа энэ айчлал онцлог байлаа. Үүний зэрэгцээ Маркос нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Японд төрийн айлчлал хийсэн Филиппиний анхны төрийн тэргүүн болж байна.
Хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, Японы өөрийгөө хамгаалах хүчний хүндэт харуулууд эгнэн жагссан байв. Мөн Филиппиний ардын хөгжим ч эгшиглэжээ.

ИЖИЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ХАМГИЙН ОЙРЫН ТҮНШ
Хааны ордон дахь хүндэтгэлийн хүлээн авалтын маргааш Токио хотод дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр Такаичи, Маркос нар хоёр талын харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэл болгон өргөжүүлэх, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.
Уулзалтын дараах хамтарсан мэдэгдлийн үеэр Такаичи Филиппинийг Японтой ижил үзэл баримтлалтай хамгийн ойрын түншүүдийн нэг гэж нэрлэжээ. Мөн “Япон, Филиппин улсууд бол далайгаар холбогдсон хөршүүд. Манай хоёр улс ижил үнэт зүйлс, зарчмуудтай. Шинэчлэгдсэн чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд Япон, Филиппин улсууд хоорондоо нягт хамтран ажиллах нь урьд өмнөхөөсөө илүү чухал юм” гэжээ.
Харин Маркос энэ уулзалтыг шинэ боломжуудын эхлэл гэж тодорхойлсон байна. Тэрбээр “Энэхүү түүхэн айлчлал нь хувьсан өөрчлөгдөж буй сорилт, боломжуудад хариу үйлдэл үзүүлэх манай хоёр улсын хүч чадал, цар хүрээг харуулж байна” гэжээ.
Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулах явдал байв.
Энэ хүрээнд талууд “GSOMIA” буюу цэргийн нууц мэдээллийг нэн даруй хуваалцах, хандах боломжийг олгох гэрээ байгуулах талаар албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр тохирчээ. Филиппин улс өмнө нь 2024 онд АНУ-тай ийм төрлийн гэрээ байгуулж байсан. Японы хувьд Филиппинтэй ийм гэрээ байгуулсан хоёр дахь улс болох магадлалтай байна.
Япон улс саяхан дэлхийн хоёрдугаар дайны дараах энх тайванч Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж, сөнөөгч онгоц зэрэг үхлийн аюултай зэвсэг экспортлохыг хориглосон хоригоо цуцалсан билээ. Үүнтэй холбоотойгоор Такаичи, Маркос нар батлан хамгаалахын техник, хэрэгслийн шилжүүлгийг идэвхжүүлэхээр тохиролцжээ.
Энэ нь хоёр улсын нийтлэг санаа зовнилоос үүдэлтэй тохиролцоо юм.

Тэд хамтарсан мэдэгдэлдээ Зүүн Хятадын тэнгис болон Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдалд ноцтой санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр бүс нутагт Хятад улс далайн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсээр байгаа юм.
Хоёр улс айлчлалаас өмнө ч аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байсан. Жишээлбэл, Японы Өөрийгөө хамгаалах хүчин саяхан Филиппин, АНУ-ын цэргийнхэнтэй хамтарсан сургуулилалтад оролцсон. Японы Өөрийгөө хамгаалах хүчин энэ сургуулилалтад 1400 орчим алба хаагчаа илгээсэн нь ажиллагааны цар хүрээ урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлснийг илтгэнэ.
АРГАГҮЙ ХЭРЭГЦЭЭ
Филиппин улс Өмнөд Хятадын тэнгист Бээжинтэй удаан хугацаанд газар нутгийн маргаантай байгаа билээ. Тэрхүү маргаантай бүс нутагт байгалийн баялаг ихтэй гэдгийг Филиппиний улс төр, эдийн засгийн мэргэжилтэн Сузуки Юрика онцолжээ.
Томоохон хүчинтэй сөргөөцөлдөж буйн хувьд Филиппинд батлан хамгаалахын чадавхиа бэхжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм. Гэвч Филиппин үүнийг дангаараа хийх хэцүү. Тиймээс бусад улс орон, тэр дундаа АНУ-ын гол холбоотон Японы дэмжлэгтэйгээр Өмнөд Хятадын тэнгис дэх тогтоон барих чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байна.
Трампын засаг захиргаа яг одоо Азид төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа тул Филиппин улс Японтой харилцаагаа бэхжүүлэх нь ашигтай. Ингэж байж АНУ-ыг оролцуулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Филиппинтэй нягт түншлэл тогтоох нь Японд ч мөн мэдэгдэхүйц ашиг тустай.
Япон улс дөрөвдүгээр сард зэвсгийн экспортын хоригоо цуцлах шийдвэр гаргасныхаа дараа Далайн өөрийгөө хамгаалах хүчний Абүкүма ангиллын эсминецийн хөлөг онгоцыг Филиппинд шилжүүлэх асуудлыг авч үзэж байна. Үүнээс гадна Газрын өөрийгөө хамгаалах хүчний газар-газар ангиллын пуужинг нийлүүлэх хувилбар ч яригдаж байж магадгүй.
Хэрэв Японы ашиглаж байсан эсвэл үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Филиппинд өгвөл талууд ашиглалтын тал дээр хамтарч ажиллах боломжтой.
ЭДИЙН ЗАСГИЙН АМЛАЛТУУД
Талуудын хэлэлцсэн өөр нэг чухал асуудал бол эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа байсан. Филиппин улс газрын тосныхоо 90 гаруй хувийг Ойрхи дорнодоос импортолдог. Өдгөө Ойрхи дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалаад Филиппинд 45 хоногийн л нөөц байна. Нөөцийн асуудлаас болж тус улсад гуравдугаар сард үндэсний эрчим хүчний онц байдал ч зарласан билээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Такаичи эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх “POWERR Asia” хөтөлбөрийн хүрээнд Филиппиний газрын тосны нөөцийн системийг хөгжүүлэхэд нь туслахаа амлав.
Японоос энэ төрлийн дэмжлэг авч чадвал Маркосын нэр хүнд дотооддоо ч өсөх юм.
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс өмнө Филиппинд гарсан авлигын дуулианаас болж засгийн газарт итгэх олон нийтийн итгэл сулраад байсан билээ. Энэ асуудлаас болоод хэдэн мянган хүн жагсч, хоёр сайд огцорчээ. Маркос цаашид хэргийг мөрдөн шалгана гэж амласан ч жагсаал цуглаан үргэлжилсээр байна.
Иймд Маркос дипломат амжилтаар олон нийтийн бухимдлыг бууруулна гэж найдаж байна.
Талууд чухал ашигт малтмал, хагас дамжуулагч, сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээг илүү уян хатан болгохын тулд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хянаж үзэх талаар хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
