Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.
1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Харин 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.
Тэгвэл 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталжээ. Уг тунхаглалд “Хүүхэд бие бялдрын, оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдаг тул төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэсэн байна. Үүнийг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай гэж үзсэн аж. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталж, дэлхийн 191 орон нэгдэн орсон юм.
Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэн ирсэн түүхтэй бол Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд нэгдсэн бөгөөд тус конвенцод нэгдсэн тав дахь орон болжээ. Конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргаж, зургаадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.
Энэ өдөр нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжил, хамгаалалд анхаарал хандуулах, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгох, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг.