СИНГАПУР, 2026 оны тавдугаар сарын 31 /DW/. Жил бүр явагддаг аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож буй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет өчигдөр үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “хэрвээ НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалахын зардлаа хангалттай хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол бид хандлагаа өөрчилнө” гэж сүрдүүлсэн байна.
“Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг Европын холбоотнуудаасаа хүссэн бидний найрсаг хүсэлтэд тэд дэндүү удаан хугацаанд хариу өгөхгүй байлаа, харин одоо эцэст нь Европын орнууд алдсанаа нөхөж байх шиг байна” хэмээн сайд хэлжээ. Тэрбээр цааш нь онцлон тэмдэглэхдээ “бидэнд ивээн тэтгүүлэгчид бус харин түншүүд хэрэгтэй байна” гэлээ.
Бат бөх түншлэлийн харилцааны үндэс суурь нь улс орнуудын үндэсний ашиг сонирхлуудын тодорхой давхцал дээр тогтдог, гэтэл Европын орнууд олон улсын дэг журмын талаарх глобалист хоосон гоё үгэнд автаж байна гэж П.Хегсет шүүмжилжээ.
Ташрамд дурдахад, НАТО-гийн гишүүн Европын орнууд болон Канад улс 2025 онд өмнөх онтой харьцуулахад цэргийн зардлаа 19,6 хувиар нэмэгдүүлсэн боловч нийт зардлын хэмжээ нь АНУ-ынхаас бага хэвээр байна.
“Хятад улс урьд өмнө үзэгдээгүйгээр цэргийн чадавхаа нэмэгдүүлж, Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн оролцоогоо өргөжүүлж байгаа нь яахын аргагүй түгшүүр төрүүлж байна” хэмээн сайд хэлжээ. Гэхдээ АНУ “шаардлагагүй сөргөлдөөн”-д оролцохыг хүсэхгүй бөгөөд Ази тивд хүчний тогтвортой тэнцвэрт байдлыг хадгалахыг эрмэлзэж байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Үүний сацуу Азийн түнш орнууддаа хандан батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг Хегсет мөн уриалжээ. Энэ тал дээр Өмнөд Солонгос, Япон, Австрали, Филиппин улсууд санаачилгатай ажиллаж, үлгэр жишээ үзүүлж буйг сайд сайшаасны зэрэгцээ Америкийн татвар төлөгчдийн мөнгийг “шимэгчилж” байгаа Шинэ Зеландыг шүүмжиллээ.
Тайванийн тухайд тэрбээр хэлэхдээ, тус аралтай тогтоосон харилцаа өөрчлөгдөхгүй гэдгийг онцлоод, “Тайваньд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг Ерөнхийлөгч Д.Трамп гаргана” гэдгийг дурдав.
Тавдугаар сарын дундуур Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа Д.Трамп Тайваньд 14 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх гэрээний хэрэгжилтийг зогсоосон юм.