БНСУ: Ажил хийдэггүй, хайдаггүй залуусын тоо огцом өсчээ

Өмнөд Солонгост ажил хийдэггүй, хайдаггүй 25-29 насны залуусын тоо 2020 оноос хойш огцом өсчээ. Үүний зэрэгцээ энэ насны хүн амын тоо ч тасралтгүй буурсаар байгааг Пүрэв гаригт /2026.05.28/ нийтэлсэн тайланд дурдсан байна. Ажил хийдэггүй, хайдаг ч үгүй буюу эдийн засгийн идэвхгүй 25-29 насны хүн амын тоо 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 784 мянга хүрчээ.

Гэтэл 25-29 насны нийт хүн амын тоо энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 72 мянгаар буурсан байна.

Ажил эрхэлдэг, эсвэл ажил идэвхтэй хайж байгаа хүн амын тоо өмнөх оны мөн үеэс 109 мянгаар буурчээ. Өнгөрсөн сарын бууралт нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв.

Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сард тус улсын эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо огцом өссөн. Тухайн үед ажил хийдэггүй, хайдаггүй залуусын тоо өмнөх оны мөн үеэс 174 мянгаар өссөн байжээ.

Эдийн засгийн идэвхгүй хүн амыг “амарч байгаа” гэх ангилалд оруулдаг. Тэдгээр нь хөдөлмөрийн чадвартай хэрнээ ажил хийдэггүй, хайдаггүй, сургуульд ч сурдаггүй, хүүхэд харах, гэрийн эзэгтэй байх зэргээр ямар нэг идэвхтэй байдаггүй хүмүүс гэсэн үг юм.

Тайланд дурдсанаар, ямар нэг байдлаар боловсрол эзэмшиж буй залуусын тоо өмнөх оноос 13 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь залуу солонгосчууд ажил хөдөлмөр эрхлэхийн оронд удаан хугацаагаар сургуульд сурахыг сонгож байгааг харуулна. Мөн одоогийн залуус өмнөх үеийнхнээ бодвол анхны ажилдаа орох хугацаа нь хожуу болжээ. 1995-1999 оны хооронд төрсөн хүмүүс анхны ажилдаа орохын тулд 12.77 сарыг дунджаар зарцуулсан байна. Гэтэл 1975-1979 оны хооронд төрсөн солонгосчууд анхны ажилдаа орохын тулд дунджаар 10.71 сар зарцуулж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн