НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний хороо Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төслүүдийг сэргээхийг зөвшөөрчээ. Үүнд нийт 17 төсөл багтана. Дональд Трампын засаг захиргаа Хойд Солонгостой харилцаагаа сэргээхийг эрмэлзэж буй тул энэ алхмыг дэмжиж ажилласан байна.
Трамп ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлахдаа Ким Жон Унтай уулзаж магадгүй гэх таамаг бий. Тиймээс энэ удаагийн алхам нь стратегийн зорилготой гэж үзэж байна.
Өмнөд Солонгос улс ч энэ шийдвэрийг сайшаан хүлээж авчээ. Тус улсын Гадаад хэргийн яамны албан тушаалтан “Улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран тусламжийг үргэлжлүүлэх ёстой гэж Өмнөд Солонгосын засгийн газар үзэж байгаа. Энэ байр сууриа баримтлан БНАСАУ-д тусламжийг саадгүй хүргэхийн тулд бид янз бүрийн хүчин чармайлт гаргасан” гэжээ.
Дээрх 17 хүмүүнлэгийн төсөлд Өмнөд Солонгосын хэрэгжүүлдэг тав, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага зэрэг газрын хэрэгжүүлдэг найм, АНУ болон бусад орны дөрвөн төсөл багтана. Өмнөд Солонгосын төслүүдийн хувьд голчлон эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр ус, ариун цэврийн байгууламж, хоол тэжээлийн дэмжлэгт чиглэдэг.
Хойд Солонгос улс тусламжийн материалыг цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс АНУ олон жил ийм зөвшөөрлийг удаашруулсаар иржээ. Гэвч АНУ-ын байр суурь өөрчлөгдөж, хоёр улсын яриа хэлэлцээнд дипломат орон зай гаргахаар оролдож эхлэв бололтой.