Европын холбоо Хятадын “Temu” цахим худалдааны платформыг хууль бус эд бараа борлуулсан гэж буруутган 200 сая еврогийн торгууль ногдуулжээ. Хүүхдэд аюултай хуурамч тоглоом, гэмтэлтэй цэнэглэгч зэрэг эд зүйлийг платформоороо зарж борлуулах нь хэрэглэгчид ямар эрсдэлтэй болохыг шинжилж, дүгнээгүй гэж “Temu”-г буруутгаж байна. “Temu”-г Европын холбоо 2024 оны аравдугаар сараас хойш шалгасан.
Гэвч тус платформын удирдлагууд буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд боломжит хариу арга хэмжээний хувилбаруудыг авч хэлэлцэж байгаа аж.
“Temu”-ээс худалдаж авсан цэнэглэгчийн дийлэнх хувь нь цахилгааны аюулгүй байдлын шалгалтад унасан болохыг туршилтаар тогтоосон. Үүний зэрэгцээ хүүхдийн тоглоомуудын олонх нь хуульд заагдсанаас хэтэрсэн хэмжээгээр химийн бодисын агууламжтай, хүүхэд хахах, амьсгал нь боогдох эрсдэл үүсгэх жижиг салдаг хэсгүүдтэй байжээ.
“Temu” торгууль төлөөд зогсохгүй наймдугаар сарын 28-ны дотор алдаа дутагдлаа арилгах төлөвлөгөөг танилцуулах ёстой. Үүний дараа Европын комисс хоёр сарын дотор дахин шийдвэр гаргах юм.
Энэ шийдвэр нь “Temu”-д маш том анхааруулга болж буйг Европын комиссын технологийн комиссар Хенна Вирккунен хэлжээ. Харин “Temu”-ийн төлөөлөгч хэлэхдээ “Бид тодорхой, тууштай дүрмийн хэрэгцээг хүндэтгэж байгаа ч уг шийдвэр нь 2024 онтой холбоотой. Манай өнөөгийн нөхцөл байдлыг тусгаагүй шийдвэр” гэжээ.