Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 28 //. ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг тавдугаар сарын 12-26-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн 7 дурсгалыг малтан судалж, түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад онцгой ач холбогдолтой чухал олдвор, хэрэглэгдэхүүнүүдийг илрүүлжээ.
Уг дурсгалт газрыг 2025 оны намар Хөвсгөл аймгийн ССАЖЗ-ын газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Х.Баасансүрэн, Арбулаг сумын 1 дүгээр багийн малчин, Соёлын өвийн гэрээт харуул Ж.Алтанбаатар нар анх олсон бөгөөд малтан судалсан 7 дурсгалын 6 нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн, зөвхөн нэг дурсгал анхны байдлаар хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байжээ. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан ба төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл, сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэрэг олдворууд гарчээ.
Харин 4 дүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, 2 дугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, төмөр дөрөө, 5 дугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн болсон байна. Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдох ажээ.
Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтнууд хамтран ажилласан байна.
Хээрийн судалгааны явц, үр дүнтэй Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Арбулаг сумын Засаг дарга нар танилцаж, цаашдын судалгааг аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.








