АНУ-ын цэргийнхэн Ираны Бандар Аббас дахь батлан хамгаалахын байгууламжийг онилж цохилт өгсөнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дахин өслөө. Бандар Аббас нь Ираны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой боомт хот юм. Түүнчлэн Ормузын хоолойн ойролцоо аюул заналхийлсэн Ираны дөрвөн дроныг буудаж унагасан гэж АНУ-ын Төв командлал мэдэгдэв.
“BBC” агентлагт өнөөдөр мэдээлснээр, брент маркийн газрын тосны үнэ 3.75 хувиар өсч, баррель нь 97.83 ам.доллар болжээ. Харин АНУ-д арилжаалагддаг түүхий газрын тосны үнэ дөрвөн хувиар өсч, 92.22 ам.доллар хүрсэн байна.
Мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхийн эрчим хүчний үнэ асар хурдтай өсч, брент маркийн газрын тос баррель нь 120 ам.доллар дөхсөн билээ. Гэтэл дайнаас өмнө баррель нь 70 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байв. Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд удахгүй хүрнэ гэсэн найдварын улмаас газрын тосны үнэ энэ долоо хоногт огцом буураад байсан ч ийнхүү эргэн өсч байна.
АНУ, Ираны талууд хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоохоор гал зогсоох хэлэлцээ байгуулсан боловч бодит байдал дээр гал зогссонгүй. Сүүлийн гурван өдрийн дотор АНУ хоёр ч цохилтыг Иранд өглөө. Эдгээр нь өөрийгөө хамгаалах зорилготой цохилтууд байсан гэж АНУ мэдэгдээд буй.