Конор МакГрегор октагоноо эргэн ирэхэд бэлэн үү?

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны тод од, гол дүрүүдийн нэг Конор МакГрегор дэвжээнээ эргэн ирж байна. Тэрбээр орон нутгийн цагаар ирэх долдугаар сарын 11-ний өдөр Лас Вегас хотноо болох UFC 329 өдөрлөгийн хүрээнд Макс Холлоуэйтэй тулалдах юм.

Конорын хувьд хамгийн сүүлд 2021 оны долдугаар сард л октагонд тулалджээ. Гэвч тус тулаандаа Дастин Пойрьед ялагдаж, дахин тулалдаагүй юм.

Өдгөө 37 настай ирланд эр 2017 онд алдарт Флойд Мэйвизертэй боксоор тулалдаж, арван үеийн дараа ялагдсан ч 100 гаруй сая ам.долларын ашиг олж, халаасаа түнтийлгэсэн. Ерөнхийдөө дахин тулалдах шаардлагагүй амьдрах хэмжээний мөнгийг олсон гэсэн үг.

Конор UFC-ийн тулаанаасаа хамгийн ихдээ л 6.8 сая ам.доллар олж байжээ.

Конор МакГрегор октагоноо эргэн ирэхэд бэлэн үү?

Флойдтой хийсэн тулаан Конорын амьдралыг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. UFC-ийн оргилд хүрч, хоёр ч аваргын бүс хүртсэн тэрбээр Флойдтой мөнгөний төлөө л тулалдсан гэлтэй. UFC-дээ дахин тулалдсан ч сайн зүйл тохиогоогүй.

Дана Уайт ямартай ч уран ухаан сийлж, Конорыг эргэн авчирч чадлаа. Цагтаа UFC-ийн чанга залуусын нэг явсан Даниель Кормьегийн бодлоор удахгүй тулалдах Конор өмнөхөөсөө илүү байх болно гэжээ. Тэрбээр ярихдаа “Бидний харах Конор МакГрегор өмнөхөөсөө илүү төвлөрсөн, илүү тууштай байх болно. Түүний бэртэл, тулаанаас хол байсан хугацаа, жингийн талаарх мэдэх зүйл алга. Хэрэв Конор өмнөхөөсөө илүү урам зоригтой ирвэл тэр Макс Холлоуэйг хангалттай дийлнэ” гэв.

Конор МакГрегор октагоноо эргэн ирэхэд бэлэн үү?

Конорын төлөөлөгчийн хэлснээр Макс Холлоуэй түүний хүссэн өрсөлдөгч биш байжээ. Ирланд тулаанч Майкл Чандлерыг хүссэн аж. Гэвч UFC-ийн хувьд Конор-Максын тулаан илүү ашигтай харагджээ.

Макс Холлоуэй болон Конор МакГрегор нар анх 2013 онд тулалдахад Конор ялж байлаа. Харин энэ удаад Макс хариугаа авч чадах болов уу?

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн