Энэтхэг улс Оросоос нэмэлт пуужингийн систем авахаар хэлэлцэж байна

Москва болон Нью Дели Оросын үйлдвэрлэсэн “S-400 Triumf” агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмэлтээр нийлүүлэх шинэ гэрээний талаар хэлэлцэж байна гэж Оросын Цэрэг-Техникийн хамтын ажиллагааны холбооны алба /FSVTS/ Мягмар гаригт /2026.05.26/ мэдэгдлээ.

Энэхүү хэлэлцээ нь хоёр орны хооронд 2018 онд байгуулсан 5.4 тэрбум ам.долларын гэрээний үлдсэн хоёр системийг нийлүүлж дуусах гэж буйтай холбогдуулан ярилцаж эхэлжээ. Орос 2023 он гэхэд эхний гурван системийг нийлүүлсэн ч Украин дахь дайны улмаас үлдсэн нийлүүлэлтүүд хойшлогдоод байсан юм. Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны агентлагийн мэдээлснээр, үлдсэн хоёр системийн нийлүүлэлт дахин хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд энэ оны сүүлчээр Энэтхэгт хүргэгдэх төлөвтэй байна.

Мөн Энэтхэг улс нэмэлт “S-400” систем худалдаж авах сонирхолтой байгаа бөгөөд хоёр талын хэлэлцээ үргэлжилж байна гэж мэдэгджээ.

Энэтхэгийн Батлан хамгаалах яам гуравдугаар сард ойролцоогоор 25 тэрбум ам.долларын цэргийн худалдан авалтын саналуудыг баталсан. Үүнд таван нэмэлт “S-400” систем, тээврийн онгоц болон цохилтын дрон багтжээ.

Энэтхэг улс зэвсэгт хүчнээ шинэчлэх, хуучирсан Зөвлөлтийн үеийн техник хэрэгслийг солихыг зорьж байна. Орос улс Энэтхэгийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч хэвээр байгаа. Гэсэн хэдий ч Энэтхэг мөн Франц, Израиль, АНУ болон Герман зэрэг орнуудаас зэвсэг худалдан авч, дотоодын батлан хамгаалах үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зорьж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн