ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-1998

Тавдугаар сар 25, 2026
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-1998

УЛААНБААТАР, 2026 оны тавдугаар сарын 25 //. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 


ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-1998

1992 оны 7 дугаар сарын 2-нд Швейцарын Цюрих хотод болсон ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны хурлын гишүүдийн санал хураалтаар Франц улс 12 санал, Марокко улс 7 санал авснаар 1998 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Франц улсад зохион байгуулах шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Тэмцээн Францын 10 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнд 1998 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

“ДАШТ 1990”-д Хорват, Ямайк, Япон, ӨАБНУ-ын багууд анх удаа оролцсон бол Чили (1982), Парагвай, Дани (1986), Австри, Англи, Шотланд, Югославын (1990) багууд эргэн ирж,  Швед, Чех, Уругвай, ОХУ-ын багууд өнжсөн байдаг.

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-1998

Энэ удаагийн ДАШТ-нээс эхлэн дүрэмд өөрчлөлт орж, үндсэн цагт багууд тэнцсэн тохиолдолд нэмэлт цагт “Алтан гоол”-оор ялагчийг тодруулах, тоглогчийн араас хөл тавихыг хориглох ба тоглолтын явцад 3 удаа сэлгээ хийхийг зөвшөөрсөн зэрэг нь шинэлэг шийдлүүд байлаа.

Тус ДАШТ-нд 32 орны шигшээ баг оролцсон ба багуудыг 8 хэсэгт хувааж, хэсэгтээ эхний 2 байр эзэлсэн багууд шууд хасагдах шатны тоглолтод шалгарсан юм.

Аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн Францын баг Бразилын шигшээ багтай учраа таарч 3:0-ийн харьцаатайгаар ялснаар анх удаагаа дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртлээ.



Ингээд 1998 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Хамгийн олон буюу 171  гоол орсон гэж тэмдэглэгдэн үлдсэн ба энэ амжилт 2014 онд Бразил улсад болсон ДАШТ-ний үеэр эвдэгдсэн билээ.
  • Шотландын хөлбөмбөгчин Том Бойд Бразилтай хийсэн тоглолтод өөрийн хаалганд гоол хийснээр нээлтийн тоглолтод өөрийн хаалганд гоол хийсэн анхны тоглогч хэмээн түүхэнд бичигджээ.
  • Ямайкийн хаалганд гоол хийсэн Хорватын хөл бөмбөгчин Роберт Просинечки хоёр өөр улсын шигшээ багт  тоглож гоол хийсэн анхны тоглогч болсон юм. Өмнө нь тэрбээр 1990 онд Югославын шигшээ багт тоглохдоо АНЭУ-ын багийн хаалганд гоол оруулж байжээ.
  • Шотландын баг 8 дахь удаагаа хэсгийн тоглолтоор тэмцээнээ өндөрлүүлсэн нь харамсалтай тохиолдол болон тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Хорватын шигшээ баг анх удаа оролцоод 3 дугаар байр эзэлсэн байна.
  • ДАШТ-ий мэргэн буучаар Хорватын хөл бөмбөгчин Шукермэн хочит Давор Шукер 6 гоол хийсэн амжилтаараа шалгарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн