Японы “7-Eleven”-ийг үүсгэн байгуулагч Тошифүми Сүзүки нас баржээ

АНУ-д үүсгэн байгуулагдсан “7-Eleven” нэрийн дэлгүүрийн сүлжээг Японд анхлан нээсэн бизнес эрхлэгч Тошифүми Сүзүки 93 насандаа өөд болжээ. “Seven & i Holdings”-ийн хүндэт зөвлөх тэрээр тавдугаар сарын 18-ны өдөр Токио дахь гэртээ зүрхний дутагдлаар нас барсан байна.

АНУ-ын “7-Eleven”-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр Японы салбарыг 1974 онд анх нээж байв. Тошифүми Сүзүкигийн үүсгэн байгуулсан сүлжээ дэлгүүрээр япончууд өнөөдөр өдөр тутамдаа үйлчлүүлж, хачиртай талх, будааны бөмбөлөг, ус ундаагаа худалдан авдаг. Үүний зэрэгцээ “ATM”-уудыг нь ашиглаж, хэрэглээний тооцоогоо төлөх, бичиг баримт хуулбарлах боломжтой байдаг.

Дэлхий даяар “7-Eleven”-ийн 80 мянга гаруй салбар бий. Харин Японд “7-Eleven” нь хамгийн том нэрийн дэлгүүрийн сүлжээ юм.

Тошифүми Сүзүки 1932 онд Японы хойд хэсгийн Нагано мужид мэндэлсэн. Тэрээр нэрийн дэлгүүрийн бизнесээ эхлүүлэхээсээ өмнө Японы худалдааны томоохон байгууллага болох “Ito-Yokado”-д ажилладаг байв. “Ito-Yokado” нь “Seven and i Holdings”-ийн эзэмшилд байдаг бөгөөд хүнс, косметик, хувцас зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг.

Сүзүки 1978 онд Японы “7-Eleven”-ий гүйцэтгэх захирал болж байжээ. Түүнийг япончуудын нэрийн дэлгүүрээр үйлчлүүлэх соёлд ихээхэн өөрчлөлт шинэчлэлт авчирсан хүн гэдэг.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн