Оранж каунти дахь үйлдвэрлэлийн байгууламжид хортой химийн бодис алдагдсаныг тогтоох тусгай баг ажиллаж эхэлжээ. Улмаар Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом албан ёсоор Бямба гаригт (2026.05.23) онц байдал зарласан байна. Тодруулбал, хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг өндөр ууршимтгай, шатамхай бодис болох 7000 галлон орчим метил метакрилат агуулсан нөөцийн сав эвдэрч, гэмтэх эрсдэл үүссэн байна. Улмаар Гарден Гроувын хэдэн мянган оршин суугчдыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон нүүлгэн шилжүүлжээ.
Тус байгууламжийг Их Британид төвтэй, нисэх онгоцны эд анги нийлүүлдэг “GKN Aerospace” компани ажиллуулдаг. Оранж каунтигийн гал сөнөөх ангийн тусгай баг Бямба гаригт байгууламжийг шалгах гэж очсон бөгөөд гэмтсэн нөөцийн сав дэлбэрэх эсвэл аюултай химийн бодис асгарах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Гэсэн хэдий ч үүссэн ан цав нь нөөцийн сав доторх даралтыг бага зэрэг сулруулж, дэлбэрэх эрсдэлийг бууруулж магадгүй гэж албаныхан найдаж байна. Онцгой байдлын багууд савны температурыг бууруулахын тулд ус цацаж байгаа бөгөөд мэргэжилтнүүд нөхцөл байдлыг шинжилж байна. Албаныхны мэдээлснээр, савны дотоод температур анх бодсоноос хавьгүй өндөр байсан бөгөөд тогтмол нэмэгдэж байжээ. Мөн эвдэрсэн хавхалга ажиллагааг улам хүндрүүлж байна.

Эрх баригчид одоо хоёр боломжит нөхцөлд бэлтгэж байна. Нэгдүгээрт, савнаас аюултай химийн бодис алдагдаж болзошгүйд хоёрдугаарт, химийн урвал хяналтаас гарч “дулааны хэт урвал” үүссэний улмаас дэлбэрч, ойролцоох түлш болон химийн бусад саванд нөлөөлж болзошгүй аж. Тус үйлдвэр нь “Disneyland” паркаас ойролцоогоор найман км зайтай. Гэхдээ тус парк нүүлгэн шилжүүлэх бүсээс гадуур байгаа тул хэвийн ажиллаж байна.
Ойролцоох сургуулиудыг урьдчилан сэргийлэх үүднээс хааж, хэд хэдэн гол замын гарцыг хаасан байна. Эрүүл мэндийн байгууллагынхан химийн утаа нь амьсгалын хүндрэл, нүд өвдөх болон толгой эргэх шинж тэмдэг үүсгэж болзошгүйг анхааруулжээ. Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчид дуут дохиогоор сэрж, хэзээ гэртээ буцаж чадахаа мэдэхгүй байгаадаа санаа зовж байгаагаа хэлсэн байна. Толгой компанийн зүгээс орон нутгийн иргэдээс уучлал хүсч, онцгой байдлын албатай хамтран аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаагаа мэдэгджээ.