АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал огцорно

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Д.Трампад хүргүүлжээ. Өргөдлийнхөө хуулбарыг тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа өчигдөр нийтэлсэн байна.

“Миний нөхөр Абрахам маш ховор хэлбэрийн ясны хорт хавдраар өвчилсөн нь оношлогдсон тул миний бие 2026 оны 6 дугаар сарын 30-наас огцрох өргөдлөө өгөхөөс аргагүйд хүрлээ. Үндэсний тагнуулын газрын захирлаар ажиллаж, Америкийн ард түмэнд үйлчилсэн нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг байлаа” гэж тэрбээр бичжээ. Ерөнхийлөгч Д.Трамп огцрох өргөдлийг хүлээн авсныхаа дараа “Габбард ажлаа маш сайн хийж байсан” гэж үнэлсэн байна. Габбардын албан тушаалыг одоо түүний нэгдүгээр орлогч Аарон Лукас хаших ажээ.

Ираны дайныг дэмжихээс татгалзсан нь

Габбард огцрох гэж байгаа тухай The Wall Street Journal сонин өмнө нь мэдээлж байсан юм. Тус сонинд бичсэнээр, Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааг хэлэлцэхэд тэрбээр оролцоогүй бөгөөд Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын талаар Трампын засаг захиргааныхаас ялгаатай байр сууринаас тайлбар хийж байжээ. Тухайлбал, тэрбээр хэлэхдээ, АНУ, Израилын хувьд бүс нутаг дахь ашиг сонирхол нь өөр өөр гэдгийг онцолж байв. Мөн 2025 онд Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсний дараа тус улсын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө сэргээхээр оролдож байна гэх мэдээлэл Үндэсний тагнуулын газарт алга хэмээн мэдэгджээ.

Энэ оны хавар Их Британийн The Guardian сонинд бичсэнээр, Ойрх Дорнодын дайны талаарх Габбардын байр суурийг ерөнхийлөгч Д.Трамп таашаахгүй байсан аж.

Габбард Иракт алба хааж байсан бөгөөд чөлөөнд гарсан дэд хурандаа юм. Үндэсний тагнуулын газрын захирлаар ажиллах хугацаандаа тэрбээр тус газрын орон тоог цомхотгож, засгийн газрын 500 мянга гаруй хуудас материалыг нууцаас гаргажээ. Тэдгээрийн дотор Жон Кеннеди, Роберт Кеннеди нарын амь насыг хөнөөсөн хэрэг, Трамп Оростой холбоотой байж магадгүй талаарх мөрдөн шалгах ажиллагааны материалууд байна.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн