ДЭМБ: Эболагийн вакцин ойрын 6-9 сараас нааш гарахгүй

Төв Африкт тархаад буй Эбола вирусийн эсрэг боломжит вакцин ойрын 6-9 сараас нааш гарахгүй гэж ДЭМБ мэдэгдлээ. Вакцин мөдгүй атал сэжигтэй тохиолдлуудын тоо 600 хүрээд байна. Мөн Конго, Уганда улсуудад нас баралтын тоо 139 хүрсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Албаныхны үзэж буйгаар Эболагийн дэгдэлт хоёр сарын өмнөөс эхэлсэн бололтой. Мөн тавдугаар сарын эхээр болсон нэгэн томоохон арга хэмжээ дэгдэлтийг улам гааруулсан гэж үзэж байна. Тус арга хэмжээ нь нэгэн оршуулга байх магадлалтай аж.

Конго улсын Итури мужид сүүлийн саруудад зэвсэгт мөргөлдөөн гарч, үүнтэй холбоотойгоор 100 мянга гаруй хүн дүрвэсэн. Иймд сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх улам амаргүй болжээ. Эрүүл мэндийн ажилтнууд өөрсдөө ч дүрвэж байгаа тул өвчний дэгдэлтийг хянах, эмчлэх боломжгүй байна.

Хумхаа, хижиг зэрэг бүс нутагт дэгддэг өвчнүүд Эболатай ижил төстэй шинж тэмдэг эхэн үедээ үзүүлдэг учир ялгаж танилгүй цаг алдах нь ч байдаг.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Эболагийн дэгдэлтийг оройтож зарласан гэж ДЭМБ-ыг буруутгасан билээ. Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Магадгүй тэр Олон улсын эрүүл мэндийн дүрмийг мэдэхгүй, ДЭМБ болон бусад байгууллага хэрхэн ажилладагийг ойлгоогүй байх. Бид аль нэг улсын хийх ажлыг өмнөөс нь хийдэггүй, зөвхөн дэмжиж тусалдаг” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн