ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2026.05.19) орой “урт хугацааны найз” гэж тодорхойлсон түнш БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзахаар Бээжин хотноо ирсэн. Путин Бээжингийн олон улсын нисэх буудалд оройны 23:15 цагт газардсан бөгөөд түүнийг Хятадын гадаад хэргийн сайд Ван И угтан авсан байна.
Путиныг Оросын засгийн газрын сайд нар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн хамгийн том компаниудын гүйцэтгэх захирлууд дагалдан явж байна. Тухайлбал, Роснефтийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Газпромын гүйцэтгэх захирал Алексей Миллер, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска, мөн улсын хөгжлийн корпорацын “VEB”, цөмийн агентлаг Росатом, сансрын корпорацын тэргүүнүүд дагалдаж байна. Мөн Сбербанкны гүйцэтгэх захирал Герман Греф, ВТБ банкны гүйцэтгэх захирал Андрей Костин, Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина нар таван дэд ерөнхий сайд, найман сайдын хамт айлчилж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гаригт мэдэгдэхдээ, “Бид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээрээ хэнтэй ч өрсөлдөхгүй. Бид Хятадтай бие даасан, маш олон талт харилцаагаа хөгжүүлж байна” гэжээ.
Мэдээллүүдэд дурдсанаар, Путин Хятадын талаас шийдвэр гарахгүй удаж буй “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг эцэслэн батлуулахыг дахин ятгахыг зорьж байгаа бололтой. Монгол Улсаар дамжин өнгөрөх уг хоолой нь Ямалын хойгоос Хятадын хойд бүс рүү жил бүр 50 тэрбум шоо метр Оросын байгалийн хий нийлүүлэх төлөвтэй юм. Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков энэ төслийг уулзалтын үеэр “маш дэлгэрэнгүй” хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Мөн Кремль уулзалтын төгсгөлд Путин болон Ши Жиньпин нар Орос, Хятадын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурна гэж мэдээлсэн байна.