УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Лүндэгийн нэрийг дэвшүүлж буйг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байна. 1999 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгссөн байна. 2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистр, 2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр, 2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан байна. 2006-2009 онд УИХ-ын гишүүний туслахаар, 2010-2011 онд МАН-ын Ажлын албанд, 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын туслахаар, 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслахаар, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулав. Түүний УИХ, Засгийн газарт ажилласан туршлага, мэдлэг, чадварыг харгалзан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.
Ингээд УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжив. Энэхүү санал хураалтын дүнд үндэслэн байнгын хорооны холбогдох тогтоол батлагдсанд тооцдог. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тогтоолыг уншиж танилцуулав.