БИШКЕК, 2026 оны тавдугаар сарын 19 /Kabar/. 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийн сонгуулийн өмнө Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийг хүргэж байна.
Эрхэм хүндэт Төрийн тэргүүн нар аа,
2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийн сонгуулийн өмнөхөн Та бүхэнд хандан энэхүү мэдэгдлийг хүргэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн өрсөлдөөн эрчимжиж, олон улсын эрх зүйн нийтлэг шинж чанар суларч, зөрчил мөргөлдөөний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн геополитикийн нөхцөл байдал үүнийг батлан харуулж байна. Европ, Ойрх Дорнод болон Африк зэрэг бүс нутагт үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнүүд олон улсын тогтолцооны тогтвортой байдлыг сорьсоор байна.
Дэлхий дахинд цэргийн мөргөлдөөнд 3 их наяд ам.доллараас давсан хөрөнгө зарцуулагдаж байна. Энэ хэмжээний нөөц бололцоо нь хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг хангахуйц асар их боломж юм.
Хэрэв эдгээр зардлыг байгаль орчныг хамгаалах, зарим улс орны өлсгөлөнг арилгах үйлсэд чиглүүлсэн бол манай гараг ногоорч цэцэглэгсэн цэцэрлэг лугаа болох байлаа.
Ийм нөхцөлд НҮБ-ын гишүүн орнуудын Аюулгүйн Зөвлөл дэх хүртээмжтэй, шудрага төлөөлөл, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнөөс шийдвэр гаргах байгууллагын хувьд тус Зөвлөлийн хууль ёсны байдал, итгэлцлийг хадгалах чадвар онцгой ач холбогдолтой болж байна.
Аюулгүй Зөвлөлийн бүрэлдэхүүний тэнцвэргүй байдал, ялангуяа жижиг, хөгжиж буй болон далайд гарцгүй улс орнуудын оролцоо хангалтгүй хэвээр байгаа нь хамтын аюулгүйн байдлын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж Киргиз Улс үзэж байна. Энэхүү чухал байгууллагад улс төрийн давуу тал бус, харин бодит шаардлага болох үр нөлөөтэй, тэнцвэртэй төлөөллийг нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.
Киргиз Улс нь аливаа эвсэл, блокийн өмнө үүрэг хүлээгээгүй, геополитикийн сөргөлдөөнд тал барьдаггүй улс бөгөөд энэ нь Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд туйлшралыг сааруулж, ажил хэрэгч харилцан яриаг сэргээхэд чиглэсэн тэнцвэртэй, бие даасан, бодит шийдэлд чиглэсэн байр суурь баримтлах боломжийг олгодог.
Бид НҮБ-ын Дүрмийг тууштай дээдэлж, түүнийг сонгон хэрэглэхийг үл зөвшөөрөх зарчмыг баримталдаг. Давхар стандартын практик, хүмүүнлэгийн асуудлыг улс төржүүлэх, Зөвлөлийн механизмыг явцуу ашиг сонирхолд ашиглахын эсрэг тууштай байр суурьтай.
Энэхүү зарчмын бодлогын үр нөлөө бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Киргиз Улсын хуримтлуулсан туршлагаар нотлогддог. Төв Азийн төвөгтэй, мөргөлдөөний дараах шилжилтийн орчинд бид хөрш орнуудтайгаа хил тогтоох асуудлыг зөвхөн энхийн замаар шийдвэрлэж чадсан.
Энэ бол тунхаглал бус, харин хамгийн нарийн эмзэг аюулгүй байдлын асуудлыг ч харилцан ашиг сонирхлыг харгалзан, яриа хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэх боломжтойг харуулсан бодит загвар юм.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гурван удаагийн гишүүний хувьд Киргиз Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллаж, олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлсээр байна.
2025 онд батлагдсан “Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч болон Жогорку Кенеш-парламентын сонгуулийн тухай” хуульд эмэгтэйчүүд, залуучууд, үндэстний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан квотын тогтолцоо нэвтрүүлсэн. Манай улс дэлхийн хэмжээнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр нэгдүгээрт бичигдэж байна. Мөн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагад хүйсийн тэнцвэрийг хангах эрх зүйн зохицуулалт батлагдаж, Сайд нарын танхим, шүүгчийн сонгон шалгаруулалт, орон нутгийн удирдлагын томилгоонд нэг хүйсийн төлөөлөл 70 хувиас хэтрэхгүй байх шаардлага тогтоогдсон.
Хэрэв сонгогдвол, Киргиз Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд улс төржөөгүй, бодитой, тогтвортой шийдлийг дэмжсэн прагматик байр суурь баримтална.
Манай тэргүүлэх чиглэлүүдэд урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг бэхжүүлэх, эвлэрүүлэн зуучлалын механизм хөгжүүлэх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, устгах үйл явцыг дэмжих, уур амьсгал ба аюулгүй байдлын уялдааг институцчилэх зэрэг багтана.
Киргиз Улс үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсгээс татгалзах зарчимд тулгуурлан тууштай гадаад бодлогоо хэрэгжүүлдэг. Бид Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн санаачилгын үндэс суурийг тавилцсан бөгөөд зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлийн олон улсын гол санаачилгуудын идэвхтэй оролцогч юм. 2025 онд Киргиз Улс Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд нэгдэн орсон нь цөмийн зэвсэггүй ирээдүй бол дэлхийн аюулгүй байдлын үндэс гэсэн бидний итгэл үнэмшлийг илэрхийлдэг.
Бид тогтвортой хөгжил, аюулгүй байдлын асуудалд цогц, уялдаа холбоотой ханддаг. Далайд гарцгүй орны хувьд манай улс 2025 онд манай улс Үндэсний эрх мэдлээс гадуурх тэнгисийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах тухай (BBNJ) хэлэлцээрт нэгдэн орж, дэлхийн экосистемийг хамгаалах амлалтаа бататгасан. Уулархаг орны хувьд бид дэлхийн экологийн тогтолцооны нэгдмэл шинжийг онцлон “уулсаас тэнгис далай хүртэл” гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлэн ажиллаж байна.
Киргиз Улс Афганистаны байдалд онцгой анхаарал хандуулдаг. Төв Азийн аюулгүй байдал Афганистаны тогтвортой байдлаас салшгүй хамаарна гэж бид үздэг. Бид Афганистаны ард түмэнд тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлж, тус улсын дэлхийн хамтын нийгэмлэгт үе шаттайгаар эдийн засаг, улс төрийн интеграцид дэмжлэг үзүүлдэг.
Киргиз Улс нэрээ дэвшүүлж Төв Азийн бүх улсын нэгдсэн дэмжлэгийг хүлээсэн нь бүс нутгийн шинэ түвшний нягтрал, хамтын хариуцлагатай байр суурийг илэрхийлж байна.
Киргиз улс Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг онцгой ач холбогдолтой гэж үздэг бөгөөд энэ нь дэлхийн ард түмний ирээдүйн өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай үйл хэрэг хэмээн ойлгодог.
Олон улсын тогтолцооны удирдах чадвар Аюулгүйн Зөвлөлийн үр нөлөөтэй ажиллагаанаас шууд хамаарч буй энэ үед бид бодитой, шийдвэртэй алхам хийх шаардлагатай гэж үзэж байна.
Бид Аюулгүйн Зөвлөлийг анхдагч үүрэгт нь буюу аливаа мөргөлдөөнийг улс төрийн байр сууринаас авч үзэлгүй, эрх зүйд суурилсан, ашиг сонирхлын тэнцвэрийг хангасан, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шийдвэр гаргадаг байгууллага болгох шаардлагатай гэж үздэг.
Манай улс болон бусад 60 улстай адил Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр хэзээ ч сонгогдож байгаагүй бол өрсөлдөгч нэр дэвшигч Филиппин улс өмнө нь дөрвөн удаа сонгогдож байсан.
Иймд Киргиз Улсыг сонгох нь түүхэн шударга ёсыг сэргээж, бүх улсад НҮБ‑ын тэргүүлэх байгууллагад сонгогдох тэгш эрхийг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл болно.
Хэрэв сонгогдвол бид Аюулгүйн Зөвлөлийн үр нөлөө, ил тод байдлыг дээшлүүлэх, дэлхийн сорилт, аюул заналд хамтын хүчин чармайлтаар хариу өгөхөд бодит хувь нэмэр оруулах үүргээ биелүүлнэ.
Эрхэм хүндэт Төрийн тэргүүд Та бүхнийг 2026 оны 06 дугаар сард болох санал хураалтын үеэр Киргиз Улсыг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна.
Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, ард түмэнд тань энх тайван, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров