АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 17-нд иранчууд хурдтай шийдвэр гаргахгүй бол цаг дуусч байгааг сануулсан билээ. Энэ заналхийллийн дараа иранчууд эсэргүүцлээ илэрхийлэн гудамж талбайдаа гарч эхлээд байна. Нийслэл Тегераны чинээлэг дүүрэгт Ираны далбаа намируулсан олон “Америк сөнө” хэмээн хашгирч байна. Гудамжны худалдаачид хүртэл эх оронч сэдэвтэй бейсболын малгай, тэмдэг зэрэг эд зүйлийг зарж байна.
Ираны далбааны өнгөөр будсан нүдний шил зүүсэн нэгэн эмэгтэй яриа өгөхдөө “Би эх орон, ард түмнийхээ төлөө амиа золиход бэлэн байна. Манай ард түмэн, цэрэг армийнхан бүгдээрээ адилхан амиа золиослоход бэлэн, бүх зүрх сэтгэлээрээ тулаанд бэлэн” гэжээ.
“Цөмийн болон пуужингийн технологи нь манай хилтэй л адил бидэнд чухал. Тиймээс бид үүнийгээ хамгаалах болно” гэсэн бичигтэй лоозонг нэгэн эр барьжээ. Тэрбээр “Бидэнд тэсрэх бөмбөг биш цөмийн хүчин чадал, цэвэр эрчим хүч хэрэгтэй. Бидэнд тэсрэх бөмбөг байхгүйг Трамп мэдэж байгаа. Гэсэн ч тэр бидэн рүү дайрч байна” гэх аж.
Дубайд өсч төрсөн Фатима ярихдаа “Энэ дайн дуусаагүйг бид мэдэж байгаа. Трамп яг үнэндээ хэлэлцээ хийхгүй. Тэр яг үнэндээ та нар миний хэлснийг л хий, үгүй бол та нарыг зүйл дуусгана шүү гэсэн байр суурьтай байгаа. Хэлснээр нь хийлээ ч тэр бидэн рүү дайрах л болно” гэжээ.
Иймэрхүү жагсаал цуглаан, эсэргүүцэл дайн эхэлснээс хойш Ираны гудамж талбайд бараг л өдөр бүр гарсан. Гэхдээ сүүлийн өдрүүдэд иргэд буу зэвсэг агсан гарч ирэх болсон нь анхаарал татаж буй. Олон нийтийн газруудад зэвсэг тараах цэгүүд бий болоод зогсохгүй энгийн иргэдэд буу хэрхэн хэрэглэх анхан шатны заавар өгч байна. Энэ нь хатуу байр суурьтай Ираны эрх баригчид цаашдын мөргөлдөөнд ард иргэдээ бэлтгэж эхэлснийг илтгэнэ.
Телевизээр хүртэл буу барьсан нэвтрүүлэгчид зэвсэгт хүчний уриалгыг дамжуулах болжээ. Тэр бүү хэл, төрийн мэдлийн “Ofogh” сувгийн эрэгтэй хөтлөгч Хуссейн Хуссейни шууд нэвтрүүлгийн үеэр студи дотор буу буудаж үзүүлсэн байна. Түүнд Исламын хувьсгалт гвардын гишүүн буугаар хэрхэн буудахыг зааж, нэвтрүүлэгч эр ч тааз цоо бууджээ.
Гэхдээ бүх иранчууд буу буудахыг сурч, дайнд бэлтгээгүйг хэлье. Зарим нь задгай кафед ном уншиж, цай ууж, болзож цагийг өнгөрөөж байна. Тэд дайн дажингүй улсад амьдрахыг хүсч байна.



