Улс төрийн хурцадмал байдал дор зохион байгуулагдсан энэ жилийн “Eurovision” наадамд Болгарын оролцогч Дара ялалт байгууллаа. Израилийн оролцооноос болж Испани, Ирланд, Исланд, Словени, Нидерланд улсууд тус наадмыг бойкотолж, 70 жилийн түүхэнд байгаагүй хурцадмал байдлыг үүсгэсэн юм. Гэсэн ч тавдугаар сарын 16-ны өдөр Австрийн Вена хотноо наадам болдгоороо боллоо.
Болгарын оролцогч Дара 27 настай. Түүний “Bangaranga” нэртэй дуу таамаглаж байснаас өндөр үр дүн үзүүлж, шүүгчид болон олон нийтийн таашаалд ихээхэн нийцжээ. Эцсийн шатанд Болгар, Израиль улсууд тунаж үлдсэн бөгөөд Дара өрсөлдөгчөөсөө 173 онооны зөрүүтэй ялалт байгуулсан байна. Болгарын оролцогч Дара, Израилийн оролцогч Ноам Беттан нарын онооны зөрүү “Eurovision” наадмын түүхэнд бичигдэх үйл явдал болсон юм.
Үүний зэрэгцээ тус наадмын шүүгчид болон олон нийт 2017 оноос хойш анх удаа нэг оролцогч дээр санал нэгдсэн нь Дара байлаа.
Наадмыг бойкотлосон улсуудын нэг болох Испанийн ерөнхий сайд Педро Санчез мэдэгдэл хийхдээ “Бид ‘Eurovision’-д оролцоогүй. Гэсэн ч бид түүхийн зөв талд зогсох үүднээс үүнийг бат итгэл үнэмшилтэйгээр хийж байна” гэжээ.
Наадмыг шүтэн биширдэг энгийн үзэгчид ч эцсийн шатны шалгаруулалтын өдөр эсэргүүцлээ илэрхийлж, цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа жагссан байна. Зарим жагсагч алиалагчийн хувцас өмссөн байсан бөгөөд “United by Music” буюу “Дуу хөгжмөөр нэгдсэн” гэсэн уриаг элэглэн “Геноцидоор нэгдсэн” гэсэн лоозон барьжээ.
Дашрамд дурдахад, наадмын гуравдугаар байранд Румын, дөрөвдүгээр байранд Австралийн оролцогчид шалгарсан байна. Уламжлал ёсоор ирэх жилийн наадам Болгар улсад зохион байгуулагдана.
