, 2026 оны тавдугаар сарын 16УИХ-ын дарга С.Бямбацогтод энэ сарын 15-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 3-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах тухай асуудал гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотгоод, өмнө нь агаарын хөлгийн түлшний талаарх хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлж байх үед зургаан асуудлаар сайжруулах чиглэл өгсөн талаар дурдав. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын талтай 7-8 удаа уулзалт, ярилцлага, хэлэлцээр хийсний үр дүнд бүх асуудлыг Монголын талын томьёоллоор шийдвэрлэхээр болсон гэдгийг онцолж байлаа.
Энэ хүрээнд Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайдын 2026 оны 81 дүгээр захирамжаар олгосны дагуу ОХУ-ын Москва хотод 2026 оны дөрөвдүгээр сарын 17-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар газрын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг салбарын сайд хэлэв.
Тэрбээр УИХ-ын Эдийн засгийн, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцүүлж, зөвшилцөхийг дэмжсэн тул хэлэлцээр эцэслэгдсэн. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу энэхүү олон улсын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.
Төсөл батлагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.