Дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн 2 дахь том популяци болох манай орны Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнасан 328 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт одоогоор мянга орчим тоо толгой цоохор ирвэс нутагшиж байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзан, Монгол Улс 2025 онд БНЭУ-ын санаачилсан IBCA элссэн ач холбогдлыг талууд онцолж, цоохор ирвэс хамгаалах талаар санал солилцжээ.
БОУАӨЯ-ны мэдээлснээр, сайд Ц.Сандаг-Очир хоёр орны байгаль орчин, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, СОР17 хурлын үеэр танилцуулах “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-Газрын нэгдсэн менежмент”, “Байгальд түшиглэсэн дэд бүтэц”-ийн гурван гол санаачилгыг БНЭУ дэмжиж, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг илгээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн БНЭУ-ын ITEC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын мэргэжилтнүүдийг сэргээгдэх эрчим хүч, зайнаас тандан судлал, байгаль орчны менежментийн сургалтад хамруулж ирсэнд талархал илэрхийлээд цаашид “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын 2000 хүний нөөц, боловсон хүчнийг тус улсад сургах талаар харилцан ярилцав.
Элчин сайд Атул Малхари Готсурвэ энэ оны 6 дугаар сарын 1-2-нд Шинэ Дэли хотноо болох Олон Улсын Том муурын Холбооны /IBCA/ дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, хурлын үр дүнг COP17 хурлын үеэр танилцуулах саналаа уламжилжээ.
БНЭУ-ын санаачилсан Олон Улсын Том муурын Холбоонд Монгол Улс 2025 онд элссэн. Ингэснээр монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй бүс нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг сайжруулахад ач холбогдолтой юм.