Израилын үндсэрхэг үзэлтнүүд Зүүн Иерусалимыг эзлэн авсныг тэмдэглэн жагсжээ

ИЕРУСАЛИМ, 2026 оны тавдугаар сарын 15 /Reuters/. Пүрэв гарагт Израилын үндсэрхэг үзэлтнүүд Иерусалим хотын хэрмэн ханаар хүрээлэгдсэн Хуучин хотын мусульман шашинтнуудын хорооллоор аюулгүй байдлын чанга хамгаалалт дор жагсжээ. Уг жагсаалыг 60 шахам жилийн өмнө болсон дайнаар Израилын цэргүүд Иерусалим хотын зүүн хэсгийг эзлэн авсныг тэмдэглэдэг жил тутмын арга хэмжээний хүрээнд хийсэн байна.

“Иерусалимын өдөр”-ийн гол үйл явдал болох уг жагсаал нь үндсэрхэг үзэлт еврейчүүдийн хувьд хүч чадлаа харуулах  үйл ажиллагаа болж хувирсан бол палестинчууд хоттой холбогдох тэдний хэлхээ холбоог үгүйсгэх гэсэн илэрхий өдөөн хатгалга гэж үздэг байна.

Израил улс 1967 онд Ойрх Дорнодын дайнаар Зүүн Иерусалимыг эзлэн авч, улмаар өөртөө нэгтгэсэн боловч НҮБ болон дэлхийн ихэнх улс орон хүлээн зөвшөөрөөгүй ирсэн юм.

Израилын эрх баригчид Иерусалимд, тэр дундаа Хуучин хотын мусульман шашинтнуудын түүхэн хороолол руу орох гол гарц болох Дамаскийн хаалга дээр үймээн самуунтай тэмцэх тусгай хэрэгсэл бүхий мянга мянган цагдаагийн алба хаагчийг байрлуулжээ. 

Хэт үндсэрхэг үзэлтэй еврейчүүдийн бүлгүүд палестинчуудын оршин суудаг дүүргүүдээр өнгөрдөг тул энэхүү жагсаал нь хурцадмал байдлыг олонтаа үүсгэдэг.

Палестинчууд “Иерусалимын өдөр”-ийн жагсаалыг хот даяар еврейчүүдийн нөлөөг тэлэхэд чиглэсэн өргөн хүрээний кампанит ажлын нэг хэсэг гэж үздэг бөгөөд палестинчууд Зүүн Иерусалимыг Палестин улсын нийслэл болгохыг эртнээс зорьж ирсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн