ОХУ-ын арми Украины баруун хэсгийн Закарпаття мужид дроноор халджээ. Украины Закарпаття мужийн албаныхны мэдээлснээр, Лхагва гаригийн /2026.05.13/ өглөө Оросын 11 дрон хэд хэдэн дүүрэг дэх чухал дэд бүтцийн байгууламжуудыг онилсон байна. Халдлагаас болж хүний амь эрсдээгүй. Орон нутгийн эрх баригчид энэ халдлагыг 2022 онд дайн эхэлснээс хойших Оросын хамгийн хүчтэй агаарын довтолгоо гэж мэдэгдсэн байна.
Уг бүс нутагт угсаатны унгарчууд олноор амьдардаг. Иймд Унгар улс Лхагва гаригийн орой Будапешт дахь Оросын Элчин сайд Евгений Станиславовыг дуудаж уулзжээ.
Унгарын Гадаад хэргийн сайд Анита Орбан болон өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хүлээн авсан шинэхэн ерөнхий сайд Петер Мадьяр нар энэ халдлагыг буруушааж буйгаа илэрхийлээд байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Унгарын энэ алхмыг сайшаажээ. Тэрбээр “Х” хуудсандаа “ОХУ зөвхөн Украинд төдийгүй бусад хөрш оронд, бүх Европт нийтлэг аюул заналхийлэл болж буйгаа дахин баталлаа” гэжээ.