Ши Жиньпин АНУ-ын бизнес эрхлэгчидтэй уулзжээ

БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 14 /Xinhua/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин пүрэв гарагт Бээжин хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсад хийж буй айлчлалыг дагалдан яваа Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, айлчлалынх нь бүрэлдэхүүнд АНУ-ын бизнес хүрээнийхний шилдэг төлөөлөгчид ирсэн бөгөөд тэд бүгд Хятад улсыг хүндэтгэж, өндрөөр үнэлдэг гэж мэдэгдээд, тэднийг Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бизнес эрхлэгчдийг Ши Жиньпинд нэг бүрчлэн танилцуулсан байна.

АНУ-ын бизнес эрхлэгчид Хятадын зах зээлд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, Хятад дахь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаагаа мэдэгджээ. 

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ, Америкийн компаниуд Хятад улсын өөрчлөн шинэчлэлт, нээлттэй бодлогод гүн гүнзгий оролцож ирсэн бөгөөд үүний үр шимийг хоёр тал хоёулаа хүртсэн гэдгийг онцлов. Түүнчлэн Хятад улсын үүд хаалга улам бүр нээлттэй байх болно гэдгийг тэмдэглээд, хоёр талд ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг урьж, Америкийн компаниудын хувьд Хятад улсад илүү өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Д.Трампын хүү Эрик болон технологийн томоохон компаниудын удирдлагууд, тухайлбал, чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн тэргүүн Женсен Хуанг, “Tesla”, “SpaceX” компанийн эзэн, гүйцэтгэх захирал Илон Маск, “Apple” компанийн тэргүүн Тим Күүк, Америкийн хамгийн том хөрөнгө оруулалтын “BlackRock” компанийн тэргүүн Ларри Финк нар багтжээ.

Түүнчлэн Трампыг “Meta”, “Visa”, “JP Morgan”, “Boeing”, “Cargill” зэрэг Америкийн бусад томоохон компанийн менежерүүд дагалдан явж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн