Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Андрей Ермак томоохон хэмжээний авлигын хэрэгт холбогдоод байна. Тус улсын Үндэсний авлигын эсрэг товчоо болон Авлигын эсрэг мэргэжлийн прокурорын газар энэ хэргийн мөрдөн байцаалтыг удирдаж байна.
Мөрдөн байцаагчид Киевийн ойролцоох тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн төслөөр дамжуулан 2021-2025 оны хооронд есөн сая евро угаасан хэрэгт сэжиглэгдэж буй зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлжээ. Андрей Ермак тус бүлэглэлийн гишүүн аж. Холбогдох албан тушаалтнуудын мэдээлж буйгаар уг бүлэглэл тус бүр нь 1000 метр квадрат талбайтай, спа, усан сан зэрэг тансаг бүтэцтэй дөрвөн ширхэг хувийн орон сууц барихаар төлөвлөжээ. Орон сууц нэг бүрийг хэдэн сая ам.доллараар барина гэж тооцоолсон байна.
Мэдэгдэлд Андрей Ермакын нэрийг шууд дурдаагүй, албан тушаалаар нь тодотгосон боловч Украины хэвлэлүүд түүнийг мөн гэж мэдээлж байна. Ермак өөрөө сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөөгүй бөгөөд мөрдөн байцаалтын дүн гартал хүлээнэ гэжээ. Түүнчлэн Зеленскийн зөвлөх Дмитрий Литвин “Үргэлжилж буй ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд хэтэрхий эрт байна” гэжээ.
Андрей Ермак албан тушаалд байхдаа Зеленскийн ойрын холбоотон, туслах нь байсан. Мөн Украины төлөөлөгчдийг толгойлж АНУ-ын хэлэлцээчдийн хамтаар энхийн хэлэлцээнд оролцдог байв.
Үндэсний авлигын эсрэг товчоо болон Авлигын эсрэг мэргэжлийн прокурорын газар Андрей Ермакаас гадна өөр зургаан хүнийг сэжигтнээр татаад байна. Зеленский өөрөө хэрэгт холбогдоогүй ч ерөнхийлөгчтэй холбоотой нөлөө бүхий хүмүүс авлигын асуудалд орооцолдсон нь түүний засаг захиргаанд сүүдэр тусгаад байна.