Александра Калининагийн сольфежийн цуврал дасгал ажлын дэвтрийн тав дахь цувралыг монгол хэлнээ орчуулан хэвлэжээ. Хөгжмийн онол, соноршуулгын хичээлд зориулсан тус гарын авлагыг Монгол Улсын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн багш, төгөлдөр хуурч З.Оюундарь орчуулсан байна.
Уг дасгал ажлын дэвтэрт хөгжмийн эгшиг болон дэвсгэр хөгийн тэмдэг, тэмдэглэгээ, мажор ба минорын дэвсгэр хөгүүд, диатоник болон хроматик интервалууд, гурвал эгшиг, доминантсепт аккорд болон түүний хөнтрөлүүдийн дасгалуудыг багтаажээ. Үүнээс гадна хэмнэл, хэмжээ, багцлалын дасгал, бүтээлч даалгаврууд орсон бөгөөд аккордын бүтэц, зохион байгуулалтын талаарх онолын тайлбаруудыг хавсаргасан нь суралцагчдад онолын мэдлэгээ бататган, дасгалуудаа бие даан ажиллах боломжийг олгож буй аж.
Тус гарын авлага нь мэргэжлийн хөгжимчин, дуучин, уран бүтээлч болохоор бэлтгэгдэж буй суралцагчдаас гадна хөгжмийн онол сонирхон судалж буй бүх хүнд зориулсан гэдгээрээ онцлогтой.
Орчуулагч З.Оюундарь “Монгол хэл дээр хөгжмийн онолын сурах бичиг, гарын авлага харьцангуй хомс байдаг. Тиймээс энэхүү ном нь хөгжмийн онол судалж буй суралцагчид болон мэргэжлийн түвшинд уран бүтээлч болохоор бэлтгэгдэж буй хүмүүст үр өгөөжтэй гарын авлага болно гэж найдаж байна” хэмээн онцолсон юм.
Дасгал ажлын дэвтрийг авахыг хүсвэл ЭНД дарж зохиогчийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.