Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ тус номын санд хадгалж буй монголын түүхтэй холбоотой баримт сэлтээр нийтлэл, өгүүлэл, зургийн цомог бүхий “Ларсон гүн” ном гаргаснаа өнөөдөр нээв.  

Тус номд Шведээс манай оронд 1893 онд анх шашин номлохоор ирсэн Август Ларсоны амьд ахуйдаа цуглуулсан монголын тухай, ховор сонин гэрэл зураг, түүхэн тэмдэглэл, баримтуудыг багтаажээ. Тухайлбал, “Гуйлгачид нь хүртэл морь унадаг монгол” гэх зураг сонирхол татна. Учир нь Швед, АНУ зэрэг оронд гуйлгачин хүн морьтой байх боломжгүй. Морьтой байхын тулд газар эзэмшсэн байхаас эхлээд дундаас дээш орлоготой хүн байх ёстой атал захын монгол хүн ядуу тарчиг ч морьтой байгаа нь гайхалтай санагдаж байсан биз ээ. Мөн чийчаан унасан “өндөр Гонгор”, Дилав хутагттай холбоотой гэрэл зургууд нь сонирхол татах ажээ.

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

М.Саруул-Эрдэнэ шинэ номоо нээж хэлэхдээ, “Ларсон гүн бол маш сонирхолтой хүн. Гэхдээ олон талд зэрэг ажиллаж байсан өвөрмөц түүхтэй. Энэ хүнийг “муу” эсвэл “сайн” гэж шүүх хэцүү. Анх шашны номлогчоор ирээд монгол хэлийг маш сайн сурсан. Монголд анх Библи зарахдаа аргал, бяслаг, зүү зэргээр солилцдог байж. Монголчууд нэг удаа Библийг нь маш олноор аваад, сайн зарагдахад баярлаад, учрыг нь сонирхоход манайхан арьсан хавтсыг нь ашиглаад гутлын улавч хийж байсан тухай дурдсан зэрэг сонирхолтой баримт бий.

Мөн монголын гэрийн сургалтын тухайд 1909 оны үед сайн монгол бичигтэй хүн гэр бариад хавийнхныхаа хүүхдэд заадаг. Ингэхдээ хагас жилээр сурвал нэг хонь, бүтэн жилээр сурвал нэг үхэр гэх мэт төлбөр төлдөг тухай бичсэн байдаг.

Монголчуудтай сайн харилцаатай байсан Ларсон гүн Монголд байх хугацаандаа авсан гэрэл зураг, тэмдэглэл, түүхэн баримт сэлтийг нь Конгрессын номын санд хадгалдаг. Тэдгээрээс шинэ номдоо оруулахдаа ямар нэг дүгнэлт хийгээгүй. Үүнийг түүхч судлаачид өөрсдийн өнцгөөр судлах байх” гэлээ.

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

Богд хаанаас Ларсонд монгол, америкийн хооронд харилцахад хэлмэрчилж, мөн АНУ-аас анхны элч төлөөлөгч ирэх үед орчуулагчаар ажиллаж байсан гэхчлэн урамшуулж 1920 онд “гүн” цол өгсөн. Монголчуудын дунд “Ларсон гүн” хэмээн алдаршсан, номлогч, худалдаачин, монголч эрдэмтэн 1893-1939 онд Монгол, Хятадад ажиллаж амьдарч байжээ.

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

Тэрбээр монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд хамгийн анхны ном “Монголын гүн Ларсон” нь Шведэд “Монгол ба монголчуудын дунд миний амьдрал” нэрээр 1929 онд хэвлэгдэн ихэд түгжээ. Олон хэлээр орчуулагдсан төдийгүй Туркийн сургуулиудад сурах бичиг байдлаар ашиглаж байсан гэдэг.

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн