П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг ирэх сард тайзнаа толилуулна.

Тус балетын хөгжмийг П.И.Чайковский зохиож, цомнолыг В.И.Бегичев, В.Ф.Гельцер нар бичсэн бол балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажилласан байна. Ерөнхий зураачаар МУУГЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.

П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет туурвисан бөгөөд “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог балетын оргил бүтээл хэмээн үнэлдэг. Учир нь энэхүү бүтээлд бүжиглэсэн уран бүтээлчид сонгодог академик арга барилын өндөр ур чадварыг эзэмшсэн жинхэнэ балетын жүжигчин болдог гэж үздэг байна.

“Хунт нуур” балет анх 1877 оны 3 дугаар сарын 7-нд “Большой” театрын тайзнаа тоглогджээ. П.И.Чайковский уг бүтээлийг анх өөрийн үеэл Давидын хүүхдүүдэд зориулан “Озеро лебедей” нэртэй нэг үзэгдэлт бүтээл болгон туурвисан ч удалгүй сонгодог урлагийн сор болсон бүтээл болон дэлхий дахинд алдаршсан түүхтэй.

Өдгөө “Хунт нуур” нь дэлхийн олон орны театрын тайзнаа хэдэн мянган удаа тоглож, сонгодог урлагийн үнэт өв болон мөнхөрчээ. Ялангуяа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчдын ур чадварын оргил сорилтод тооцогддог байна. Монголын тайзнаа “Хунт нуур” балет анх 1975 оны 6 дугаар сарын 28-нд удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулууны удирдлага дор, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр тогложээ. Анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээсэн түүхтэй.

Түүнчлэн 2025 оны 6 дугаар сарын 28-нд УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балет тоглосны 50 жилийн ой тохиож буй нь энэхүү бүтээлийн түүхэн үнэ цэнийг улам тодотгож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн