Индонезийн Дуконо галт уул Баасан гаригт /2026.05.08/ дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдав. Хойд Малуку мужийн Халмахера аралд байрлах тус галт уулын дэлбэрэлтээр амиа алдагсдын дунд Сингапурын иргэд болон нэг Индонезийн иргэн байжээ. Тухайн үед Дуконо ууланд гадаадын ес, орон нутгийн 11, нийт 20 аялагч авирч байсан аж.
Орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар 17 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Харин амиа алдсан гурван хүний цогцсыг хараахан уулнаас буулгаагүй байна.
Индонезийн уулын хөтөч Алекс Жангу аймшигт дэлбэрэлтийн гэрч болжээ. Тэрбээр Германаас ирсэн хоёр жуулчныг дагуулж явахдаа дэлбэрэлтийн өмнөх хүчтэй чичиргээг мэдэрсэн байна. Пүрэв гарагийн 15:00 цагийн орчимд сэжиг бүхий чимээ сонсогдож эхэлсэн. Ингээд Жангу дрон нисгэж байдлыг тандтал галт уулын тогоо дүүрсэн харагджээ. Үүний дараа хоёр удаагийн тэсрэлт сонсогдсон байна.
Улмаар Баасан гаригийн өглөө 07:41 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болжээ.
Алекс Жангугийн хэлснээр тус ууланд авиралтыг хязгаарлах болон орох гарах хөдөлгөөнийг хянах цэг байдаггүй. Гэтэл Дуконо галт уул нь маш идэвхтэй бөгөөд анхны дэлбэрэлтээс хойш хэдэн цаг өнгөрсөн хойно ч маш хүчтэй дэлбэрсээр байжээ. Индонезийн Гамшгаас хамгаалах агентлаг жуулчид болон нутгийн иргэдийг галт уулын идэвхжил өндөр байгаа энэ үед ойролцоо нь үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа.
Дуконо галт уулын тогооноос дөрвөн км радиус дотор аялахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн оноос хойш зөвлөж байжээ.