Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Ц.Ган-Эрдэнэ "Нутгийн зам"

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 8 //. Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” анхны бие даасан үзэсгэлэнгээр Герман-Монголын соёлын өдрүүд эхэллээ.

Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлчийн тосон зураг, бага хэмжээний бүтээл болон график төрлийн нийт 26 бүтээлийг дэлгэн үзүүлж байна. 

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв“Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол, Герман улс соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Яг нэгэн зууны өмнө их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй Монголын анхны оюутнууд Герман, Франц улс руу суралцахаар явж байсан түүхтэй. Өнөөдөр Монгол, Германы харилцаа стратегийн түвшинд хүрч, соёл урлаг, утга зохиол, дүрслэх урлаг, хөгжмийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Зуун жилийн өмнө тавигдсан энэхүү суурь нь өнөөдөр ч уран бүтээлчид, сэхээтнүүд болон ард иргэдийн соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна” хэмээн онцоллоо.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээвСоёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран энэ сарын 8-14-нд Германы соёлын өдрүүдийг зохион байгуулж байна. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүний хүү эрдэм өвөрлөн хүрнэ” хэмээх сайхан үг бий. Энэ үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Зуун жилийн өмнөөс монголчууд мэдлэг боловсролыг жигүүрээ болгон, оюун санааны хөгжилд тэмүүлэн суралцсаар иржээ” хэмээн тодотгов. Мөн тэрбээр, “Тухайн үеийн төр засгийн алсын хараатай бодлогын хүрээнд өрнөдийн орнууд, тэр дундаа Герман Улс руу 30 гаруй шилдэг залуусыг суралцуулахаар илгээж, монголын ирээдүйн сэхээтэн, соён гэгээрүүлэгчдийн суурийг тавьсан түүхтэй. Өнөөдрийн үйл ажиллагаа болон цаашид зохион байгуулах утга зохиол, дуурь, драм, яруу найраг, жазз болон сонгодог хөгжмийн олон үйл ажиллагаа нь тухайн үеийн сэхээтнүүдийн бидэнд өвлүүлэн үлдээсэн оюуны өв, соёлын үнэт өвийн илэрхийлэл гэж бэлгэшээн үзэж байна. Түүнчлэн Германы соёлын өдрүүдийг ХХ зууны Монголын соёл, тэр дундаа тайзны урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сэхээтэн, уран бүтээлчид Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн нарын өв бүтээлд тулгуурлан зохион байгуулж буйгаараа онцлогтой”гэв. 

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээвМонгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ ярихдаа, “Герман-Монголын соёлын өдрүүдээр анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээрээ өвөг дээдэс байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцаж ирсэн соёл, үзэл санааг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон. Миний хувьд сүүлийн 20 гаруй жил Герман Улсад амьдарч байгаа ч эх орондоо жил бүр ирдэг. Бүтээлүүддээ монголын нүүдэлчин ахуй, тэнгэр шүтлэг, хөх тэнгэртээ залбирч байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах монголчуудын эртний язгуур ойлголтыг түлхүү илэрхийлдэг. Хүн ба байгалийн харилцаа гэдэг зөвхөн монголчуудын онцлог биш, дэлхий нийтэд хамаарах нийтлэг ойлголт. Гэхдээ монголчууд байгальтайгаа илүү ойр амьдардаг учраас энэ мэдрэмж хүчтэй илэрдэг гэж боддог. Харин өндөр хөгжилтэй, хотжилт давамгайлсан нийгэмд амьдарч буй хүмүүст байгальтайгаа холбогдох мэдрэмж харьцангуй бага байдаг мэт санагддаг.

Энэ үзэсгэлэн нь Монгол Улсад гаргаж буй миний анхны том хэмжээний бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Мөн би морь жилтэй хүн. Тиймээс морь жилдээ ийнхүү томоохон үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь надад бэлгэшээлтэй, сайхан санагдаж байна.

Цаашид ч уран бүтээлээ дэлхийн олон оронд, ялангуяа Европын холбооны улсуудад толилуулахаар төлөвлөж байна. Би жилд дунджаар 10-15 үзэсгэлэн гаргадаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголд арав гаруй удаа үзэсгэлэн гаргаж байсан ч ихэвчлэн хамтарсан болон жижиг хэмжээний үзэсгэлэн байсан” гэв. 

Түүний “Нутгийн зам” онцлох бүтээл бол 1.70 метрээс 20 метрийн хэмжээтэй том хэмжээний зураг. Энэхүү бүтээлдээ Монголын уудам тал нутгаар үргэлжлэх замыг дүрсэлсэн. Гэхдээ энэ нь зүгээр нэг замын тухай зураг биш. Зам гэдэг бол хүний үлдээж буй ул мөрийн бэлгэдэл юм. Хүн нэг цэгээс нөгөө цэг рүү зорчихдоо машин, морь, үхэр тэрэг зэрэг янз бүрийн хэрэгсэл ашиглан явсаар байгальд зам гаргадаг. Харин бид зөвхөн зам үлдээдэггүй. Мөн байгальд хог хаягдал үлдээж байна. Тухайлбал, гялгар уут, ундааны лааз зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг байгальд орхисоор байгаа. Тиймээс би энэ бүх дүрслэлийг бүтээлдээ шингээж өгсөн. Энэ бол ердөө бид байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж байгааг харуулсан нэгэн дүр төрх юм.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Тэрбээр уран бүтээлдээ тэнгэр газрын хооронд орших орон зай, байгаль, хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. 2009 оноос эхлэн уран бүтээлд нь “Тусгал” хэмээх ойлголт голлож хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлж, хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдгаараа онцлогтой.

Ц.Ган-Эрдэнэ 2022 оноос Монгол Улсын Соёлын элчийн үүрэгт ажлыг хүлээн аван ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг төгсжээ. Түүний бүтээлүүд Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton зэрэг цуглуулгад хадгалагддаг.

Тэрбээр, бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг ХБНГУ-ын нэр хүндтэй музей, галерей, Нью-Йоркийн UN Headquarters, KIAF Korea, SCOPE Basel International Art Fair зэрэг газруудад зохион байгуулж, Нидерланд, Дани, БНСУ, Косово, Монгол Улс зэрэг орнуудын нэр хүндтэй музей, галерейд үзэсгэлэнгүүдээрээ амжилттай оролцсон. Уран бүтээлээрээ Германы олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан ба Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтангадас одонт уран бүтээлч юм.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Далайн эргээр” 

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Эр хоёр загал”,  “Борооны дараа” 

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Бодол”

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Тэнгисийн эргээр алхагч” 

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Бүжигчин”

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

“Ураг төрөл”

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн