Казахстаны эрчим хүчний сайд Ерлан Аккенженов Москвад Оросын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийсэн байна. Тодруулбал, Оросын шадар сайд Александр Новак болон эрчим хүчний сайд Сергей Цивилев нартай хэлэлцээ хийсэн. Уулзалтын үеэр талууд газрын тос, байгалийн хийн салбар, цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлэх зэрэг өнөөгийн асуудлуудыг хэлэлцсэн. Стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан сонирхолтой байгаагаа мөн онцолсон байна.
Мөн идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хамтарсан санаачилгуудыг боловсруулах талаар тохиролцоонд хүрсэн. Өмнө нь Казахстан, Орос улс 25 тэрбум ам.долларын өртөг бүхий 122 томоохон төслийг хамтран хэрэгжүүлж байжээ.