Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Монголын сонгодог дартсын холбооноос зохион байгуулдаг “Дартс фестиваль” энэ сарын 14-17-нд Улаанбаатар хотын “Их наяд” худалдааны төвийн “Трипл эвент холл”-д болох гэж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж. Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулна. Түүнчлэн “Professional Darts Corporation”-ын Азийн цувралын дөрвөн тэмцээн Монгол Улсад гурав дахь удаагаа болно. Фестивалийн талаар Монголын сонгодог дартсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Монголын сонгодог дартсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ

-Зургаан хоногийн дараа буюу ирэх долоо хоногт Монголд дартсын фестиваль болох гэж байна. Тэмцээний талаар мэдээлэл товч мэдээлэл өгнө үү?

-Манай холбооноос зохион байгуулдаг “Дартс фестиваль”-ийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”, мө “Ulaanbaatar Open Darts” болон“Professional Darts Corporation”-ын Азийн цувралын дөрвөн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Эхний хоёр өдрийн зохион байгуулалтыг Монголын сонгодог дартсын холбоо хариуцан явуулдаг. Энэ нь Дэлхийн болон Монголын дартсын холбооны чансааны оноо олгох нээлттэй тэмцээн юм. Хэдийгээр нээлттэй боловч зохион байгуулалтын онцлогоос шалтгаалан оролцогчдын тоонд хязгаар тогтоодог. Тухайлбал, эрэгтэй ангилалд 256, эмэгтэй ангилалд 128 тамирчныг бүртгэнэ. Мөн өсвөр, хосын болон багийн ангиллаар тэмцээнээ зохион байгуулна. Харин фестивалийн сүүлийн хоёр өдөр буюу тавдугаар сарын 16, 17-нд Professional Darts Corporation-ын Азийн цуврал тэмцээн болно. 16-аас дээш насны бүх тамирчинд нээлттэй ч оролцогчдын дээд хязгаар нь 256 байх юм.

-Дэлхийн чансааны оноо олгох гэдэг утгаараа гадаадаас тамирчид ирж таарах байх. Алдартай ямар тамирчид ирэх бол?

-Чансааны тэмцээнүүдээс тамирчид оноо цуглуулж, “World Masters Darts” зэрэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцох эрхээ авах боломж бүрддэг. Энэ шалтгаанаар Монголд ирж өрсөлдөх гадаадын тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр тэмцээний чанар, өрсөлдөөн улам сайжирч байна. Урьдчилсан байдлаар Англи, Герман, Франц зэрэг Европын орнуудаас тамирчид оролцох сонирхол илэрхийлсэн бөгөөд нийтдээ 15 орчим улсын тамирчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна. PDC-ын цуврал тэмцээнүүд мөн онцгой ач холбогдолтой. Тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрх авах боломжтой бөгөөд цаашлаад Азийн шилдэг тавд багтсан тохиолдолд PDC-ын ДАШТ-д оролцох эрх нээгддэг. Тэр утгаараа гадаадаас ирж оролцох тамирчдын тоо нэмэгдэж байгааг нь онцлох нь зүйтэй. Энэ нь Монголын тамирчдад маш том боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэд дэлхийн болон Азийн түвшний өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо мэдэрч, өрсөлдөх боломжтой болсноор ур чадвараа сайжруулах, илүү өндөр түвшинд өрсөлдөхөд чухал нөлөө үзүүлдэг. Дэлхийн дартсын холбооны тэмцээний хүрээнд дэлхийн хоёр удаагийн аварга, Японы тамирчин Микүрү Сүзүки, Сингапурын шилдэг тамирчин Паул Лим ирэхээр мэдүүлэг өгсөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Японоос дартсын ертөнцөд хүч түрэн орж ирсэн Маюүми Оүчи, Юта Хаяаши, Томока Хаяаши, Филиппиний Лоренз Лагнитон, Алексис Тоёло, Пауло Небрида зэрэг урьдчилсан байдлаар оролцох боломжтойгоо илэрхийлсэн. Харин Professional Darts Corporation-ын Азийн цуврал тэмцээн тивийн шилдгүүд ирнэ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн аваргын тайзнаа амжилт гаргасан тамирчид ч энэ удаад Монголд тоглох юм. Тухайлбал, Хонконгийн Ман Лок Леунг, Мэтт Кэмпбелл, Сингапурын алдарт тамирчин Паул Лим, Японы тамирчин Мотомү Сакай, Харүки Мүрамацү зэрэг тамирчид оролцох гэж байна. Сүүлийн жилүүдэд Азийн тамирчид дэлхийн аваргын тайзнаа өндөр амжилт үзүүлж, шуугиан тарих болсон шүү дээ. Тиймээс Азийн шилдгүүдийн шидэлтийг Монголдоо харах ховор боломж юм.

-Тэгвэл Монголын тамирчдад энэхүү тэмцээн ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн чансааны оноог эх орондоо авна. Гадаадад тэмцээнд оролцоход зардал өндөр байдаг. Монголын спортын ихэнх төрөлд тамирчдыг тогтмол дэмжих ивээн тэтгэгчдийн хүрэлцээ хангалттай биш. Ийм нөхцөлд олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь тамирчдын хувьд эдийн засгийн дарамтыг бууруулж, илүү өргөн боломжийг нээж өгсөн. Нэг ёсондоо манай тамирчид их хэмжээний зардал гаргалгүйгээр эх орондоо, өөрсдийн талбай дээр олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэнэ гэсэн үг. Зөвхөн туршлагатай тамирчид төдийгүй дартсын спортоор дөнгөж хичээллэж эхэлж буй шинэ тамирчдад ч оролцох боломж нээлттэй байдаг нь гол онцлог юм. Бид энэхүү тэмцээнийг “Дартс фестиваль” гэж нэрлэж буй шалтгаан нь зөвхөн тэмцээн зохион байгуулахаас гадна жинхэнэ уур амьсгал, энтертайнмент, соёлыг бүрдүүлдэгтэй холбоотой. Телевиз, YouTube сувгуудаар үздэг тэрхүү сонирхолтой, эрч хүчтэй орчныг Монгол Улсад бүрэн бий болгодог. Дартс нь өөрөө нээлттэй, элгэмсэг уур амьсгалтай спорт тул шинээр сонирхож буй хүмүүс ирж үзэхэд тухайн спортын гоо зүй, онцлогийг шууд мэдэрч чадна. Мөн шилдэг тамирчидтай тоглож үзэх, дэлхийн түвшний орчныг мэдрэх, туршлага хуримтлуулах, цаашлаад уг спортод улам дурлах боломжийг олгодог. Тиймээс дөрвөн өдрийн турш оролцогчид болон үзэгчид жинхэнэ утгаараа спортоор амьсгалсан онцгой үйл явдлыг мэдэрнэ.

-Монголын дартсын спортыг сонирхогчид, ялангуяа хүүхэд, залуусын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Дартс, боулинг зэрэг шинэ тутам хөгжиж буй спортууд олон нийтийн анхаарлыг татаж, идэвхтэй оролцогчдын хүрээ тэллээ. Энэ спортоор хичээллэж буй тамирчдын албан ёсны тоон статистик байдаг уу?

-Монголын дартсын спортын хөгжил сүүлийн хоёр жилд онцгой хурдацтай байна. Чансааны оноо олгох тэмцээнийг манай холбооноос жилд зургаан удаа зохион байгуулдаг. Нэг тэмцээнд унджаар давхардсан тоогоор 1000 орчим тамирчин оролцож байна. Ганцхан жишээ хэлье. 2025 оны УАШТ-д 2500 тамирчин оролцож байсан юм. Гэтэл энэ жил энэ тоо 4100 болж өссөн. Энэ нь дартсын спорт ямар түвшинд хөгжиж байгааг харуулах биз. Цаашид оролцогчдын тоо 6000-7000 хүрэх боломжтой. Бид сонирхогчдын ангилалд аль болох хязгаарлалт тавихгүй байхыг зорьдог ч тэмцээний хугацаа, заалны багтаамж, зохион байгуулалтын нөхцөлөөс шалтгаалан тодорхой дээд хязгаар тогтоох шаардлага гардаг. Тухайлбал, өмнөх жилүүдэд 512 оролцогчоор хязгаарлаж байсан бол цаашид 1024 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

-“Дартс фестиваль”-иас гадна аравдугаар сард томоохон тэмцээн Монголд болох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар товч мэдээлэл өгч болох уу?

-Монголын сонгодог дартсын холбоо 2026 онд хоёр том тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхнийх нь энэ сарын 14-17-нд болох “Дартс фестиваль”. Хоёр дахь нь ирэх аравдугаар сарын 7-10-нд болох Ази, Номхон далайн орнуудын цомын тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь нэгдүгээрт, Монголын дартсын спортын хөгжилд томоохон түлхэц болно. Өмнө нь олон улсын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан ч энэ удаад зөвхөн Азийн орнууд төдийгүй Австрали, Шинэ Зеланд зэрэг дартсын өндөр хөгжилтэй орнуудын шилдэг тамирчид оролцох боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, улс орноо сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой. Гуравдугаарт, Монголын тамирчдын ур чадвар дээшлэх, дотоодын сонирхогчид дэлхийн түвшний тоглолтыг шууд үзэж, суралцах боломжийг олгоно.

Энэ ташрамд, тэмцээн уралдааныг тогтмол дэмжиж ирсэн Target Darts, Darts.mn, “Түмэн Харш” компани, Хустайн байгалийн цогцолборт газар зэрэг байгууллагад талархал илэрхийлье. “Дартс фестиваль”-д оролцохыг хүссэн тамирчид Монголын сонгодог дартсын холбооны албан ёсны пэйж хуудсанд байршуулсан удирдамжтай танилцаж, зааврын дагуу бүртгүүлэх боломжтой. Харин клубт харьяалагддаг тамирчид клубээрээ дамжуулан нэгдсэн бүртгэл хийлгэнэ. 

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Ж.Бат-Эрдэнэ: “Дартс фестиваль” дэлхийн шилдгүүдийн тоглолтыг харахаас гадна дотоодын тамирчдад чансаагаа ахиулах боломж олгоно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн