Монголын үндэсний олимпын хорооны Бүх гишүүдийн хурал өчигдөр болж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, бүтэц, бүрэлдэхүүнээ баталжээ.
Түүнчлэн олимпын хөдөлгөөний засаглал, үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан байна. МҮОХ-ны дүрэмд олимпын төрлийн холбоодын төлөөллийн тэгш оролцоог дэмжих зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж, гурван төлөөлөгчтэй холбоодын хувьд хамгийн багадаа нэг эмэгтэйтэй байх зохицуулалт тусгасан байна.
Мөн энэхүү хурлаар МҮОХ-нд шинээр элсэж байгаа гурван холбоог батламжиллаа. Тухайлбал, “Лос-Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтсан америк хөлбөмбөгийн төстэй хувилбар болох flag football, цахим спорт, завины спортын нэгэн төрөл рөүинг нэмэгджээ. Ингэснээр МҮОХ-ны гишүүн холбоодын тоо 170-д хүрсэн байна.
Ташрамд дурдахад, Монголын баг тамирчид энэ онд “Айчи-Нагояа 2026” Азийн наадам, “Дакар 2026” залуучуудын олимп, “Рияад 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох юм.

