Тусгай зориулалтын агнуурын дуудлага худалдааны зохицуулалтыг эргэн харах санал гаргажээ

БОУАӨЯ-наас Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, Монголын Ан Агнуурын Холбоо, иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн үзэл баримтлал, хэрэгжилтийн үр нөлөө, хамгааллын зохицуулалтын тухай санал солилцсоныг БОУАӨЯ мэдээлэв.

Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд амьтны тоо толгой, тархацад үндэслэн ашиглах боломжит нөөцийг тогтоох, олон улсын Улаан дансны үнэлгээтэй ховордсон зэрэглэлийг уялдуулах, амьтны хамгааллыг зүйлийн экосистемийн түвшинд хамтад нь авч үзэхийг чухалчилж байна. Мөн агнуурын бүсийн эзэмшигчийг сонгох, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг тодорхойлох, тусгай зориулалтын агнуурын бүсийн зохицуулалтыг сайжруулах, амьтан үржүүлэх, ашиглах, харь зүйлийн зохицуулалтыг тодорхой болгох, мэдээллийн сангийн нэгдмэл байдлыг хангах, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн оролцоо, үр өгөөжийг нэмэхийг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийг хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, нөөц тогтоох судалгааны чанарт анхаарах, амьтан хамгаалах судалгаа, тоо баримтыг үндэсний хэмжээнд нэгтгэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн тусгай зориулалтын агнуурын дуудлага худалдааны зохицуулалтыг эргэн харах, хамгаалах зорилгоор зохистой ашиглахыг дэмжих, шувуулахуйн соёлыг хөгжүүлэх, загас, шувуу, шавж зэрэг амьтны онцлогт тохируулан хамгаалахыг нарийвчлан тусгах, ховор амьтны агнуурын менежмент, зөвшөөрлийг төвлөрсөн байдлаар зохицуулах зэрэг санал гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн