Бразилын уугуул иргэд мэргэжлийн хөл бөмбөгийн багтай болжээ

 Рио-де-Жанейро мужийн эрэг орчмын тосгоны уугуул иргэд Бразил даяарх овгуудын тоглогчдоос бүрдсэн мэргэжлийн хөл бөмбөгийн баг байгуулжээ. Ингэснээр тэд мужийн аварга шалгаруулах тэмцээнийг эрх ашгаа хамгаалах тэмцлийн шинэ талбар болгож байна.

Рио-де-Жанейрогийн албан ёсны тэмцээнд оролцож буй уугуул иргэдийн анхны баг болох “Орижинариос”-ын зорилго нь зөвхөн гоол оруулахаар хязгаарлагдахгүй ажээ. 

“Бид бүхний эхний зорилго бол баг бүрдүүлж аварга шалгаруулах тэмцээнд оролцох байлаа. Бид аварга болохдоо биш, харин газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэж, маш их зовлон туулж буй ард түмнээ дэлхий нийтэд таниулахыг зорьж байна” гэж клубийн ерөнхийлөгч, Гуарани Мбиа овгийн уугуул иргэдийн амьдардаг Мата Верде Бонита тосгоны ахлагч Тупа Нунес ярив.

Бразилын нийт хүн амын ердөө 0.8 хувийг эзэлдэг уугуул иргэд хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг байна. 

Багийн ерөнхий дасгалжуулагч Хуберлан Силва хэлэхдээ, багийг бүрдүүлэхийн тулд улс даяарх уугуул иргэдийн дундаас авьяаслаг залуусыг хайсан гэжээ. Олон тоглогч Амазоны ширэнгэн ойн гүнээс, хэдэн мянга бээрийн алслагдсан газар орноос ирж “Орижинариос” багт нэгдсэн байна.

“Тэдний хүсэл мөрөөдөл зөвхөн Риогийн лигээр хязгаарлагдахгүй. “Орижинариос багийн тоглогчдыг Фламенго, Ботафого, Флуминенсе зэрэг Бразилын болон Европын том багуудад тоглох үүд хаалга нээгдээсэй гэж хүсэж байна. Цаашлаад Бразилын шигшээ багт багтах нь бидний гол зорилго” хэмээн Хуберлан Силва онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн