Израиль улс дөрөвдүгээр сард Хезболлатай гал зогсоох хэлэлцээр байгуулснаасаа хойш анх удаа Бейрутын өмнөд захад агаарын цохилт өгчээ. Тодруулбал, Хезболлагийн гол байрлал гэгдэж буй Дахие дүүрэгт цохилт өгсөн байна. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг, бичлэгүүдээс харахад тухайн газар гал дүрэлзэж, дор хаяж нэг барилга ихээр эвдэрсэн харагджээ. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг ажиллагаанд өөрийн биеэр зөвшөөрөл өгсөн гэж мэдэгдсэн байна. Мөн зарим албан тушаалтны мэдээлснээр, Хезболлагийн тусгай Радван хүчний командлагчийг онилсон байсан.
Хезболлагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч Ливаны хэвлэлд цохилт болох үед бүлэглэлийн гишүүд уулзалт хийж байсан гэж мэдээлжээ.
Израиль болон Ливаны хооронд дөрөвдүгээр сарын 16-нд гал зогсоох хэлэлцээг байгуулсан. Гэвч талууд нэгнээ хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байна. Сүүлийн үед Израилийн батлан хамгаалах хүчин Ливаны өмнөд хэсэгт гол төлөв цохилт өгч байгаа бөгөөд Хезболлагийн дэд бүтэц болон гишүүдийг онилж байна. Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Израилийн довтолгооны улмаас улс даяар 120 гаруй хүн, тэдний дотор олон эмэгтэй болон хүүхэд амиа алдсан байна.
Гэхдээ тус яам энгийн иргэд болон байлдагчдыг тусад нь тоолдоггүй.
Израиль мөн Ливаны хил орчмын тодорхой бүсийг хяналтдаа байлгаж буй. Үүнийг Хезболлагаас ангид “аюулгүй бүс” болгох зорилготой гэж тайлбарлажээ. Түүнчлэн Хезболла Израилийн цэргийн хүчин болон тус улсын хойд хэсэг рүү пуужин, дроноор довтолж байна. Өнгөрсөн долоо хоногт дроны халдлагын улмаас Израилийн батлан хамгаалах яамны нэг гэрээт ажилтан амиа алдсан байна.
Гал зогсоох хэлэлцээр хийгдсэн ч Дахие дүүргийн олон оршин суугч дахин цохилт болохоос айж орон гэрээсээ дүрвэсэн хэвээр байна. Нетаньяху мэдэгдэхдээ устгах ажиллагааны бай болсон командлагч нь Израилийн иргэд болон цэргүүдийн эсрэг халдлагад оролцож байсан гэжээ. Тэрбээр “Ямар ч террорист шийтгэлээс мултрахгүй” хэмээн онцолсон байна. АНУ-ын дэмжлэгтэйгээр Израиль, Ливаны хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа ч бүс нутгийн нөхцөл байдал хурц хэвээр байна.