Медведев: Трампын бүдүүлэгдүү арга барил заримдаа үр дүнгээ өгдөг

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг энх тайвныг эрэлхийлж буй амжилттай удирдагч гэж магтжээ. АНУ-ын ерөнхийлөгч заримдаа нүүрэмгий, бүдүүлэгдүү ч юм шиг байдаг нь үр дүнгээ өгдөг гэж тэр хэлсэн байна. Үүний зэрэгцээ Оросын эрэг рүү цөмийн шумбагч онгоцоо ойртуулж байршуулсан гэх АНУ-ын мэдэгдлийг үгүйсгээд, тийм ул мөр огт хараагүй гэв. Оросуудын хувьд Трамп эерэг, сөрөг дүрийн аль нь болох, Оросын агент гэсэн цуу яриа байдаг нь үнэн эсэхийг түүнээс асуухад Медведев “Америкийн ард түмэн Трампыг сонгосон. Москва энэ шийдвэрийг нь хүндэтгэнэ” гэжээ.

“Трамп сэтгэл хөдлөл ихтэй хүн. Гэлээ гээд түүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын тухай яриа бүхэлдээ үнэн ч бас биш юм. Энэ бүхний цаана бүрэн ухамсартай, туршлагатай нэгэн бий” гэж Медведев хэлжээ.

Трамп энхийн сахиулагч ерөнхийлөгч гэж дурсагдахыг хүсдэг. Үүнийг нь Медведев хөндөн ярихдаа “Трамп энхийг сахиулагч гэсэн нэрээр түүхэнд үлдэхийг хүсдэг. Үүнийхээ төлөө үнэхээр хичээж байгаа. Тийм ч учраас америкчуудтай харилцахад илүү үр дүнтэй байдаг. Трампыг ойлгоё гэвэл түүнийг бизнес эрхлэгчийнх нь хувиар авч үзэх хэрэгтэй. Тэр одоо ч бизнес эрхлэгч шиг л сэтгэж байгаа” гэж хэлжээ.

Тэрбээр “Та КГБ-д нэг орсон л бол мөнхөд КГБ-ын ажилтан хэвээр байна” гэсэн орос хэллэгийг эшлэн энэ үгийг хэлсэн бололтой.

Трамп өнгөрсөн оны наймдугаар сард Оросын эрэг рүү АНУ хоёр цөмийн шумбагчаа ойртуулсан гэж мэдэгдэж байв. “Бид одоо хүртэл тэр онгоцуудыг нь олж хараагүй л байна” гэж Медведев хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн