Хантавирусийн халдвартай хөлөг онгоцыг Испани хүлээж авна

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлөг онгоцтой холбоотой нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд орсоор байна. Испанийн эрх баригчид уг хөлгийг “хүмүүнлэгийн үүднээс” боомтдоо хүлээн авах шийдвэр гаргажээ. Ингэснээр зорчигчид болон багийн гишүүдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна.

Испанийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, уг шийдвэрийг ДЭМБ болон Европын холбооны байгууллагуудтай нягт хамтран, олон улсын эрүүл мэндийн дүрэм журмын дагуу гаргасан. Тэд халдварын тархалтыг хяналтдаа авах, мөн хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах зорилтыг онцолсон байна. Хөлөг онгоц боомтод ирсний дараа бэлтгэгдсэн тусгай эмнэлгийн баг зорчигчид болон багийн гишүүдийг нэг бүрчлэн үзлэг, шинжилгээнд хамруулна. Хэрэв халдвар авсан болон сэжигтэй тохиолдлууд байвал тусгаарлах төлөвлөгөө боловсруулжээ. Албан ёсны мэдэгдэлд дурсднаар “Канарын арлууд бол шаардлагатай чадавхи, бололцоотой хамгийн ойр байршил юм. Испани улс эдгээр хүмүүст туслах ёс суртахууны болон хууль ёсны үүрэгтэй. Мөн тэдний дунд Испанийн хэд хэдэн иргэн байна” гэсэн байв.

“Oceanwide Expeditions” компанийн эзэмшлийн “MV Hondius” хөлөг онгоц нь туйлын бүсийн аяллаараа алдартай бөгөөд энэ удаад Африкийн баруун эргээс Канарын арлуудыг чиглэн аялж байсан аж.

Гэвч дөрөвдүгээр сарын эхээр зорчигчдын дунд өндөр халуурах, булчин өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлснээр халдварын сэжиг төрж, удалгүй хантавирусийн халдвар болох нь батлагджээ. Албаны мэдээллээр, халдвар дэгдсэнээс хойш Нидерландын хоёр иргэн, Германы нэг иргэн нас барсан нь нөхцөл байдлыг улам ноцтой болгож байна.

Үүнээс гадна Их Британийн нэг зорчигч Өмнөд Африкийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бол багийн хэд хэдэн гишүүнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай хэвээр байна. Зарим өвчтөнд бөөрний үйл ажиллагаа алдагдах, уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсэх зэрэг хүндрэл ажиглагдаж байгаа нь хантавирусийн ноцтой хэлбэрүүдтэй нийцэж буйг эмч нар тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар хөлөг дээр 23 орны 150 орчим хүн байгаа бөгөөд тэдний дунд өндөр настай болон суурь өвчтэй хүмүүс цөөнгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Кабо-Верде улс эрүүл мэндийн дэд бүтэц, нөөц бололцоо хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар зорчигчдыг эрэг дээр буулгахаас татгалзсан ч Испани улс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүлээн авах шийдвэр гаргасан нь чухал алхам боллоо. Хөлөг онгоц ойрын өдрүүдэд Гран-Канариа эсвэл Тенерифе арлын боомтод хүрэх төлөвтэй байгаа. Ирснийх нь дараа зорчигчдыг үе шаттайгаар тусгаарлах, шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Мөн зорчигчдыг эх оронд нь буцаах ажлыг тухайн улсын дипломат байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ДЭМБ-аас нийт хүн амд учрах эрсдэл одоогийн байдлаар бага хэвээр байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч ойрын хавьтал, ялангуяа нэг бүхээгт хамт байсан хүмүүсийн дунд халдвар дамжих ховор боловч боломжтойг анхааруулсан байна. Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтдын ялгадас, шээсээр бохирдсон орчноор дамжин хүнд халдварладаг. Гэхдээ хүнээс хүнд халдварлах тохиолдол нь маш ховор байдаг аж. Шинжээчдийн үзэж байгаагаар зорчигчид хөлөг онгоцонд суухаас өмнө эсвэл Өмнөд Америкийн зарим боомтод зогсох үеэр халдвар авсан байх магадлалтай байна. Одоогийн байдлаар халдварын эх уурхайг нарийвчлан тогтоохоор олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтран судалгаа хийж байна. Энэхүү хэрэг явдал нь далайн аяллын салбарт халдварт өвчний эрсдэл, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг дахин анхаарлын төвд оруулж байгаа бөгөөд улс орнуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо ямар чухал болохыг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн