“Царцаа Намжил” хүүхдийн адал явдалт жүжиг үзэгчдийн хүртээл болно

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 6 //. Улсын драмын эрдмийн театр “Царцаа Намжил-Гурван ертөнцийн аялал” нэртэй адал явдалт хүүхдийн жүжгийг толилуулахаар болжээ.

Энэхүү бүтээл нь хүүхэд бие даан шийдвэр гаргах үед тулгардаг бэрхшээл, сорилтыг уран сайхны хэлбэрээр өгүүлсэн бөгөөд гол дүр Намжил хүү аяллынхаа явцад амьдралын энгийн зүйлсийг анзаарч, ухааран суралцсанаар сорилтуудыг даван туулж буйгаар өрнөнө. Монгол ардын үлгэрээс амилсан гурван ертөнцөд Намжил хүү бусадтай харилцах, итгэх, суралцах, хайрлах тухай олон асуултынхаа хариултыг олох болно. Жүжгийн үйл явдал бүхэн хүүхдэд тулгардаг асуудал, дүр бүхэн нь хүүхдийн эерэг болон сөрөг төсөөллийн биелэл байх юм. Уг жүжгээр амьдралын ухаан, тэсвэр хатуужил, энгийн ахуйн хөдөлмөр нь бие хүн болон төлөвшихөд чухал үүрэгтэйг ойлгуулахыг зорьсон. 

“Царцаа Намжил” жүжиг нь элографик буюу дүрслэл, ардын үлгэрийн хэв шинжийг орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулан бүтээсэн, хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхүйц уран бүтээл юм. Жүжгийн найруулгыг орчин үеийн тайз, дэлгэцийн график дизайны технологи, хөгжим, дуу, бүжгийн элементүүдийг уялдуулан шийдвэрлэсэн нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн үндэсний үлгэрийн үзэл санааг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэхэд чухал ач холбогдолтой.

Жүжгийн зохиолчоор Я.Баяраа, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа ажилласан бол хөдөлгөөний найруулагчаар УГЗ Б.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Б.Цацрал, Б.Тэмүүлэн нар ажилласан байна. Мөн хувцас, гэрэл, дуу, график болон тайзны уран бүтээлчдийн баг хамтран орчин үеийн шийдлийг бүрдүүлжээ. Дүрүүдэд Намжил хүүгийн дүрийг Б.Тэмүүлэн, Г.Эрдэнэболд нар ээлжлэн бүтээж, багш, сурагчид болон үлгэрийн амьтдын сонирхолтой дүрүүдэд театрын уран бүтээлчид тоглож байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн