Сүүлийн үед 11-11 төвд Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал нэлээд ирэх болжээ.
Үүнтэй холбоотой Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг ГИХГ-аас танилцууллаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.
Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 орны 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байгаа аж. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3 хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалт, 25.4 хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүч, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэх С ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгодог аж. Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг. Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо, виз, зөвшөөрөл олголт, зөрчил шалган шийдвэрлэлтийн мэдээллийг сар бүрийн 10-ны дотор Opendata.gov.mn сайтад шинэчлэн байршуулдаг ажээ.
Ташрамд дурдахад, Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сард 79 өргөдлийг хүлээн авснаас 70-ыг шийдвэрлэжээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай, 25 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.