АНУ халдвал бүс нутгийг хамарсан томоохон дайн эхэлнэ гэж Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей анхаарууллаа. Тэрбээр Иран АНУ-ын ойролцоох цэргийн хүчнээс айхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
АНУ цэргийн хүчээ нэмэгдүүлж, “USS Abraham Lincoln” нисэх онгоц тээгч хөлгийг Арабын тэнгист илгээжээ. Өмнө нь ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Ираны хооронд ноцтой хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд цөмийн хөтөлбөрийн талаар хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи тохиролцоонд хүрэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ АНУ хэлэлцээний түншийн хувьд итгэх итгэл алдсан гэж дурдсан байна. Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Али Ларижани найрсаг орнуудын зуучлалаар АНУ-тай мессеж солилцож, хэлэлцээ үр дүнтэй явагдаж байгаа гэжээ. Мөн хэлэлцээ урагшилж байгааг мэдэгдсэн байна.
Иран улс Ням гаригт (2026.02.01) Ормузын хоолойд хоёр өдрийн турш тэнгисийн цэргийн галын сургуулилт хийхээр төлөвлөж байсан. Одоо энэхүү сургуулилт цуцлагдсан бөгөөд Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг. Иран өмнө нь халдлагад өртвөл уг хоолойг хаана гэж сүрдүүлж байсан. Түүнчлэн АНУ Ираныг бүс нутаг дахь Америк цэргийн хүчний ойролцоо аюултай, мэргэжлийн бус үйлдэл хийхээс сэрэмжлүүлжээ. Иран хариуд нь АНУ өөрийн нутаг дэвсгэр дээрх цэргийн үйл ажиллагааг нь заах эрхгүй гэж хариу өгсөн байна. Мөн Иранд Бямба гаригт (2026.01.31) болсон хоёр дэлбэрэлт нөхцөл байдлыг улам хурцатгав. Боомт хот болох Бандар-Аббас хотод болсон дэлбэрэлтээр нэг хүн амиа алдаж, 14 хүн шархаджээ. Ахваз хотод болсон өөр нэг дэлбэрэлтээр дор хаяж дөрвөн хүн амь үрэгджээ. Орон нутгийн эрх баригчид эдгээрийг хий алдалтаас болсон гэж мэдэгдэж, халдлага байсан гэх мэдээллийг няцаасан байна.
Трамп Ираныг цөмийн зэвсэг боловсруулахгүй байх, мөн жагсагчдыг хөнөөхөө зогсоох ёстой гэж мэдэгдсэн. Эс тэгвээс АНУ цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэж анхааруулсан юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эхэлсэн жагсаалын үеэр хэдэн мянган хүн амь үрэгдсэн бөгөөд зарим тооцоогоор энэ тоо 25 мянгаас давж магадгүй байна. Хаменей жагсагчдыг цагдаа, цэргийн хүчин, банк, сүм хийд зэрэг байгууламжид халдсан гэж буруутгаж, үймээнийг төрийн эргэлт хийх оролдлого байсан хэмээн мэдэгдсэн байдаг.