Беларусийг дайнд оролцож болзошгүйд санаа зовж буйгаа илэрхийлэв

Беларусьтай залгаа хил орчимд “ер бусын үйл ажиллагаа” ажиглагдсан гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Улмаар Беларусь улс Оросын довтолгоонд оролцож болзошгүйд санаа зовниж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Тодруулбал, Зеленский Бямба гаригт (2026.05.02) хийсэн видео мэдэгдэлдээ, уг үйл ажиллагаа нь Баасан гаригт Беларусь талд ажиглагдсан болохыг хэлэв. Тэрбээр ямар үйл ажиллагаа, идэвхжил болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Украины батлан хамгаалах хүчин нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэсэн байна. Мөн Украин улс ард иргэд болон тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн байгааг онцолж, аливаа түрэмгий үйл ажиллагаанд оролцох гэж буй хэн бүхэн үүнийг ойлгох ёстой гэж анхаарууллаа.

Өнгөрсөн сард Зеленский тагнуулын мэдээлэлд тулгуурлан, Беларусь Украин руу чиглэсэн зам барьж, хил орчимд артиллерийн байрлал бэлтгэж байгаа гэж мэдэгдсэн. Тэрбээр Орос улс Беларусийг дайнд дахин татан оруулахыг оролдож болзошгүй гэж анхааруулсан юм. Үүний зэрэгцээ Оросын хүчний довтолгоо үргэлжилсээр байна. Украины Агаарын цэрэг мэдэгдэхдээ, Бямба гаригийн оройноос Ням гариг хүртэл Орос нэг баллистик пуужин болон 260 гаруй дрон ашиглан довтолж, хүний амь нас эрсдэж, олон хүн шархадсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн